“ТӨСӨВ-2023” ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

Улс Төр
tankhil99@onlinetvmn.com
2022-10-19 02:55:08

Төрийн ордны Их танхимд эхэлсэн “Төсөв-2023” хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн болон бусад албаны төлөөлөл, төсөв захиран зарцуулагчид, олон нийтийн төлөөлөл оролцож байна. 

Монгол Улс Төсөв батлахынхаа өмнө анх удаагаа олон нийтийн дунд  хэлэлцүүлэг өрнүүлж иргэдийн болон татвар төлөгчдийн саналыг нээлттэй сонсохоор болсон нь энэ юм. 

Мөн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө D-parliament цахим платформ ашиглан төсвийн талаар олон нийтийн санал шүүмжлэлийг хүлээн авч өнөөдрийн хэлэлцүүлэгт тусгаж байна. Өнгөрсөн хугацаанд D-parliament аппликэйшнээр дамжуулан 68 641 хүн цахим системд ханджээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар “Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ дараах таван цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.  

-Төсвийн шинэчлэлийг эрчимжүүлэх

-Орлогын шинэчлэлийг хийж, “Орлоготой иргэн” хөтөлбөр хэрэгжүүлэх

-Хэмнэлтийн горимыг чанаржуулах

-Аж үйлдвэржилтийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулж, гаднын хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх 

-Төрийн байгууллагын бүх шатанд төсвийн хяналт, сахилга бат, хариуцлагын шинэчлэлийг хэрэгжүүлж, орлогыг нэмэгдүүлэх зэрэг шинэчлэл нь 2023 оны төсвөөс хүлээж буй гол үр дүн байна.  

Монгол Улс 2023 оны төсвөө батлахаас өмнө олон нийтээр ийнхүү анх удаа  хэлэлцүүлж буй нь иргэдийнхээ олон талт санал дээр тулгуурлан төсвийн шинэчлэлийг бодитой хийх,  зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, олон нийтийн хяналтыг тогтоох, алдагдалгүй , хэмнэлттэй төсөв батлахыг зорьж байна гэдгээ УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн үгэндээ дурдлаа.  Цаашид хэрэглээний эдийн засгаас хуримтлалын эдийн засаг руу, халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү, олборлолтоос боловсруулалт руу,  импортлогчоос экспортлогч  орон болох томоохон зорилтыг хэрэгжүүлэх суурь нь 2023 оны төсөв болж байна гэлээ. 

 

Парламентаар төсвийн эхний хэлэлцүүлгийг хийсний дараа олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал шүүмжлэлийг нь сонсож буй  энэ арга хэмжээ нь өргөн их ач холбогдолтой гэж Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм. Цаашид жил бүр төсөв батлахынхаа өмнө ийм төрлийн хэлэлцүүлэг өрнүүлж, нийтийн санал шүүмжлэлийг төсөвтөө тусгаснаар эдийн засгаа тогтворжуулах, төсвийн сахилга батыг бэхжүүлэх, хүн амынхаа амьдралын чанарыг сайжруулах, үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит дэмжлэг үзүүлэхэд гол суурь нь болох юм.  

“ТӨСӨВ-2023 олон нийтийн хэлэлцүүлэг салбар хуралдаанаар үргэлжилнэ. 

Зургийг Г.Аргуужин  

Холбоотой мэдээ