Нүүрсний хулгайн хохирол 40 их наядаар яригдаж эхэлжээ
Эдийн Засаг“Эрдэнэс Таван толгой” компанид онцгой дэглэм тогтоогоод сар орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг чөлөөлж, араас нь “Эрдэнэс Таван толгой” компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нарыг АТГ-аас цагдан хорьсон. Тэднийг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэж буруутган шалгаж буй. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Таван толгой” компани, Таван толгой төмөр замыг тойрсон хуулийнхны томоохон баг өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан байгаа юм. Тэд нүүрсний хэрэгтэй холбоотой 20 гаруй объектод нэгжлэг хийж, 30 гаруй хүнээс байцаалт авсныг мэдээлсэн. Мөрдөгчид мэдүүлэг авсан хүмүүсээс зарим албан тушаалтнуудыг хорих саналыг прокурорт хүргүүлсэн байна. Тэдний дунд томоохон албан тушаалтнууд ч багтсан гэх мэдээлэл байгаа юм. Хуулийнхны шалгалт Эрдэнэс Таван толгой, Таван толгой төмөр зам компаниар тогтохгүй цаашлаад гааль, хилийн цэрэг гээд өргөжих аж.
Нүүрсний хэрэгтэй холбоотой өөр нэг анхаарал татсан асуудал нь хохирлын тухай болоод байна. УИХ-ын гишүүн Л.Энхболд манай сонинд өгсөн ярилцлагадаа “...Нүүрсний үнийг их барьдаг байсан. Жишээ нь, Орон нутгийн таван толгойн нүүрсийг 25 ам.доллараар барьдаг байсан. ч бага үнээр зарж байсан. ЭТТ 50, 60 ам.доллараар зардаг байсан. Энержи ресурс 90 ам.доллараар зардаг байсан үе. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, хилийн цаана хэн нэгэн хятад нэртэй компани байгуулчихаад Монголоос нүүрсийг 25 ам.доллараар аваад хилийн цаана хэд нугалж зардаг байсан. Тэр мөнгө чинь өнөөдрийн ярьж байгаа 2.5 тэрбум ам.доллар. Тэр мөнгөнүүд оффшор бүс рүү явчихдаг. Томчуудын Хятадад байгуулсан бусад бүс нутагт байгуулсан компаниуд руу явчихдаг. Эргээд Монголд бараа бүтээгдэхүүн болоод ороод ирдэг. Ийм том нүүрсний бүлэг хулгай яваад байгаа юм...” гэх мэтээр ноцтой баримтуудыг дэлгэсэн.
Түүний дараахан УИХ-ын гишүүн, УИХ-ын Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох үүрэг бүхий түр хорооны дарга Г.Ганболд мөн манай сонинд ярихдаа “...Гаалийн ерөнхий газрын гурав, дөрвөн удаагийн шалгалтын дүнгээр маш их хэмжээний нүүрс алдсан байж магадгүй гэсэн дүгнэлтүүд гарсан. Үүний дагуу мөн нотлох баримт цуглуулж байгаа. Хяналт шалгалтын ажил явж байгаа учраас тэдэн тонн нүүрс хулгайд алдагдсан гэж одоо хэлэх боломжгүй байна. Ажлын үр дүн гарсны дараа тайлангаа бид нийгэмд мэдээлнэ” гэсэн байгаа. Түр хорооны гишүүн Б.Баттөмөр ч энэ сэдвээр цахим орчинд “эргэн ирэлт” хийж, жиргэж эхлэв. Тэрээр “Гурилын хулгайч баригддаг гэдэгтэй адил нүүрсний хулгайч нар баригдана. 3.0 сая тн нүүрс,нүүрсний тээвэр дагасан 1.5 тэрбум долларын луйврын асуудал яригдаж байна.
Маш том хулгай.Монголд төр, засаг хууль хяналтынхан байна уу? гэж заримдаа эргэлзэхэд хүрч байна” гэсэн нь нүүрсний хулгай Монгол Улсад ямар их хэмжээгээр хохирол учруулсны баталгаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Доржхандын өнгөрсөн баасан гаригийн мэдээлэлд нэлээд анхаарал татсан баримтууд дурдагдав. Тэрээр энэ хэрэгтэй холбоотой гурван асуудлыг хөндөж Ерөнхий сайдад асуулга тавьсан. Түүний мэдээллээс тодруулахад, “...Гаалийн мэдээлэлд тусгагдаагүй хулгайлагдсан нүүрсний асуудал бий. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 6.4 сая тонн нүүрсний хулгай буюу Монголын гаалийнхан мэдэхгүй, БНХАУ-д бүртгэлтэй нүүрсний асуудал бий. Өнөөдрийн ханшаар тооцоход 6.4 тэрбум ам.доллар буюу 20 их наяд төгрөгийн хулгай хийчихсэн...” гэсэн нь анхаарал татаж байгаа. Угтаа энэ тоон мэдээлэл Ерөнхий сайд болон “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хорооны хүрээнд яригдсан гэнэ.
Эх сурвалжийн хэлж буйгаар “Эрдэнэс Таван толгой” компанийн талбайгаас алдагдсан нүүрсний хэмжээ 6.4 сая тонн болсон гэдэг нь үнэн гэнэ. Ингэхдээ “Эрдэнэс Таван толгой” компани хамгийн оргил үедээ тонн тутмыг нь 204 ам.доллараар худалдаалж байжээ. Тэгвэл энэ дүнгээр бодоход хамгийн багадаа 40 их наяд төгрөгийн хохирол яригдаж байгаа аж. Энэ дүн мэдээлэл бол Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх том хэмжээний дүн учраас Түр хорооны хүрээнд ч нэлээд хянамгай, хаалттай яригдах болжээ.
Хохирлын хэмжээ нэмэгдэх тусам нүүрсний хэрэгтэй холбоотой төрийн өндөр албан тушаалтан, улстөрчдийн нэрс ч Төрийн ордноор яригдаж эхлээд байна. Ялангуяа “30 гэр бүл” гэж нэрлэгддэг томчууд энэ хэрэгт хамгийн том нөлөөтэй гэдгийг эх сурвалж тодотгож буй юм.
Нүүрсний хэрэг “Эрдэнэс Таван толгой” комапаниар тогтохгүй бусад компани, уурхайнуудад ч цэцэглэсэн мэдээллийг Түр хорооныхон шалгаж байгаа бололтой. Үүний нэг бол баруун чиглэлийн Ярантын боомтоор гаргадаг нүүрсний экспортын асуудал яригдаж эхэлжээ.
Эх сурвалж: dnn.mn