“THE HU” хамтлаг ЮНЕСКО-ийн Энх тайвны төлөөх уран бүтээлч цол гардан авлаа
НийгэмЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулей өчигдөр тус байгууллагын төв байранд Хүннү рок чиглэлээр бүтээл туурвидаг “The HU” хамтлагт “ЮНЕСКО-ийн энх тайвны төлөөх уран бүтээлч” цолыг гардуулан өгчээ.
Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ойг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей-ын манай улсад ажлын айлчлал хийх үеэр ярьсан зүйл ийнхүү ажил хэрэг болж Монгол Улсын Соёлын Элч “The Hu” хамтлаг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын нэр хүндтэй цолыг хүртлээ.
"The HU" хамтлагийн хөгжмийн хэв маяг, илэрхийлж буй санаа нь ЮНЕСКО-ийн үнэт зүйл, үйл ажиллагаанд нийцэж буйгаас гадна улсынхаа бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй тул энэ цолыг авч буй анхны Монгол урлаг соёлын төлөөлөгчид болж байна.
2016 онд байгуулагдсан тус хамтлаг нь үеэс үед уламжлагдан ирсэн Монголын соёлын биет бус өв, уламжлалт хөгжмийн хэв маяг ба элементүүдийг орчин үеийн рок, хүнд метал хөгжимтэй хослуулсан "Хүннү рок" хөгжмийн төрлийг бий болгосон билээ. Монголчууд бидний бахархал болсон хөөмий, цуур, лимбэ, морин хуур зэрэг нь ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн байдаг.
Энэ цолыг хүртсэнээр “The HU” хамтлаг нь ЮНЕСКО-ийн үйл ажиллагаа, үнэт зүйлсийг дэлхий дахинд таниулан сурталчлах үүрэг хүлээх бөгөөд, хүн төрөлхтний “амьд өвийг” хамгаалахын ач холбогдлын талаарх мэдлэг, ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээх соёлын элч, төлөөлөгчид болж байгаа юм.