Монгол Улс түүхэндээ анх удаа Бүгд Найрамдах байгууллыг тунхагласан Үндсэн хуультай болсон өдөр тохиож байна
Улс ТөрМонгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой өнөөдөр (2022.11.26) тохиож байна.
Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүд болон бусад албаны хүмүүс Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр БНМАУ-ын Анхдугаар хуралданаар Ардын бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан билээ. Уг Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд: “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс гэж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал, тус хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн заажээ. Энэ нь тухайн цагт хоёр их гүрний дунд оршиж байсан жижиг, буурай Монгол орны хувьд өөрийн тусгаар тогтнолоо олох маш том алхам байв.
Ийнхүү манай улс ХХ зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилтэт үзэгдэл-Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улсын нэг болжээ. Мөн Монгол Улс түүхэндээ анх удаа Бүгд Найрамдах байгууллыг тунхагласан Үндсэн хуультай болсон юм.
Анхдугаар Үндсэн хуулийг баталсан нь нийгэм эдийн засгийн ололтуудыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэрийг ард түмний өмч хэмээн зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс хүйсийн тэгш эрхтэй байх зарчмыг хангах өгчээ. Харилцан шүтэлцээ бүхий энэ түүхэн үйл явдлын үр шимээ өнөөдөр Монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал, бүх нийтээр бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүн адил эрх тэгш байх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурийг энэ цаг үеэс тавьсан юм.