УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Зэсийн хулгайгаар Монголын ганцхан гэр бүл жилдээ 100 сая доллар идэж байна

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-12-15 03:28:27


Гадаа -30 градусын хүйтэнд ард түмэн хариуцлага шударга ёсыг нэхэн 12 дахь өдрөө жагсаж байгаа юм.  Нүүрсний асуудалд холбоотой нэр бүхий гишүүдийн нэрсийг зарласан нь Үндсэн хууль хийгээд хүний эрхийг зөрчсөн үйлдэл болж буйг анхааруулж, сануулан УИХ-ын зарим гишүүд  чуулганы нэгдсэн хуралдаанд үгээ хэлсэн юм. Тэдний яриаг товч сийрүүлэн хүргэж байна. 



УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Би хулгай хийж байгаагүй. Жинхэнэ хулгайчаа зарла



Бид сүүлийн 30 жил төр барьсан гэж байгаа ч үнэндээ улс орноо удирдаж чадсангүй. Тавантолгой гэж хулгай үүрлэсэн газар байна. Дарга нар нь дандаа шоронд явдаг, эсвэл гадаад руу явчихдаг. Нүүрсний хулгайчаа зарла гэсэн чинь 5 хүний нэр зарлачхаад жагсаалыг тараана гэж бодож байгаа бол горьдсоны гарз шүү. Энэ зарласан 5 хүн чинь нүүрстэй ямар ч хамааралгүй, тээвэрлэлт хийдэггүй хүмүүс байгаа юм. Би хулгай хийж ч байгаагүй. Жинхэнэ хулгайчдаа зарла гэж би чуулганы танхимаас хэлж байгаа юм. АН-ын бүлгийн шаардлагыг дэмжиж байна. 


УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Би энэ нүүрсний хулгайд оролцоогүй гэдгийг албан ёсоор хэлье


Би хулгайд нэрлэгдсэн 5 хүний нэг учир чуулганы танхимд үгээ хэлье. Намайг яагаад энэ хэрэгт зарлав гэдгийг би АТГ-аас асуухаар очсон ч тайлбар өгөх хүн байгаагүй. Нэг ч удаа дуудаж асуугаагүй. Тийм учраас би бодохдоо Өмнөговиос сонгогдсон учраас л хамаатуулсан юм болов уу гэж. Түүнээс би энэ нүүрсний хулгайд оролцоогүй гэдгийг албан ёсоор хэлье. Мэдээж шалгуулах зүйлд нь шулгуулна. Мөн жинхэнэ хулгайчийг нь зарлуулахын төлөө ч ажиллана. 


УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: 


Өнөөдөр улс төрийн мэдэгдэл хийх шаардлага үүсэж байна. Улс төрийн бүх эрх мэдлийг 7 жил тасралтгүй барьсан МАН-ын дур зоргоор үйлдэлд чинь ард түмэн дүнгээ тавьж, талбай дээр цуглачхаад байна. Та нар инфляцыг 16 хувь хүргэхэд хүчээ нэгтгэсэн байна. Та нар аж ахуйн нэгжүүдэд дамарт үүсгэхэд хүчээ нэгтгэлээ. Та нар хүний эрхийг зөрчихөд хүчээ нэгтгэсэн байна. Засгийн газрыг шүүмжилсэн хэдхэн залууг гарт нь гав зүүгээд гэрт нь хорьж байна та нар. Тэгээд бүх зүйлийг сөрөг хүчин рүүгээ чихдэг. Нарийн царигийг устгах ажлыг өнгөрсөн парламентын МАН-ын 65 гишүүн устгасан шүү. Тийм байтал сөрөг хүчин рүүгээ бурууг чихдэгээ боль. Хүний эрхийг аймшигтайгаар зөрчиж байна. Өмнө ч зөрчсөөр, хэлмэгдүүлсээр ирсэн. Өнөө ч хэлмэгдүүлэлтээ үргэлжлүүлж байна. 

Хувийн өмчийн жижиг Тавантолгойд БЭТ томилж байна. Орон нутгийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэж байна. Хувийн өмчийг төрд аваад юу гийгүүлдэг билээ эрх баригч та нар. 


УИХ-ын гишүүн Раднаасэд: Жинхнэ хулгайчдаа зарла. Голомтын Баясгалан, Женко гэсэн хүмүүсээ барь л даа


Тавантолгойтой холбоотой гэрээг нягтлаад үзлээ. 2 хувааж үзэх хэрэгтэй. Оффтэйк гэрээтэй холбоотой жинхэнэ хулгайчдаа зарла. Голомтын Баясгалан, Женко гэсэн хүмүүсээ барь л даа. 

Энэ хулгай зэлгийгээ цэгцлэхгүй юм уу. Яг үнэндээ ард түмэн гадаа нүүрсний чинь утааг идэж байна. Харин хулгайлсан улс төрчид чинь нүүрсний мөнгийг нь идэж байна ш дээ. 

Тавантолгойн зөвхөн худалдан авалт дээр нь сонсгол хий л дээ. Энэ хулгайч нар ичихгүй бол би үүнийг нь гаргаж зарлана шүү. АТГ ямар ч үндэслэлгүй мэдээлэл гаргаж тавьсан. 


УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Зэсийн хулгайгаар Монголын ганцхан гэр бүл жилдээ 100 сая доллар идэж байна

Раднаасэд гишүүний хэлдэг үнэн. Гадаа -30 градус, дотор танхимд халуун байна. Олуулаа очоод идчихсэн хулгайч нараа зарла л даа. Өнөөдөр хэдэн хүнээр туг тахиад цаана нь жинхэнэ хулгайч нараа хамгаалаад үлдэж болохгүй шүү. Оффтэйк гэрээнүүдээ ил болгочхооч. Яахаараа аж ахуйн нэгжүүдийн хоорондын гэрээг нууцад хамруулдаг юм бэ? Мэдээлэл ил биш учраас юм хэлж болохгүй байна. Ард түмэн, гишүүдээр таавар таалгаад л байна. Дээр нь та нар олны өмнө хэн хэнийг дүүжлэх үү гээд дүүжилж байна. Энэ нь бүр халиад өөрийнхөө намаас хүртэл хэдэн хүнийг дүүжилж байна ш дээ. Мөн Ардчилсан нам руу бас бүгдийг чих л дээ. Танай МАН-ын олон жил явж байгаа нөхдүүдэд дан хулгайн мөнгө явж байдаг шүү. Би бас нэг хулгайн талаар ярья. Монголын ганцхан гэр бүл жилдээ 100 сая доллар идэж байна. Энэ бол зэсийн хулгай. Ерөнхий сайд, МАН-ын даргаа танд энэ улс орны хувь заяа байна шүү. Та эрх мэдэлтэй болсон шүү. 


УИХ-ын гишүүн Н.Ганибал: Нүүрсний хэрэг дээр Засгийн газар шүгэл үлээгээгүй шүү 

Бүгд найрамдах улсын тогтоолоор бүрэн эрхт төлөөлөгч томилж, дараагийн хувийн өмчийг булааж авах нь бидний нүдэн дээр ил болчихлоо. Нүүрсний хулгайчийг илрүүлэх гэж байна гээд олон нийтийг давлагаалуулаад, үймүүлээд эхэлсэн чинь цаад учир нь Өмнөговийн ард иргэдийн өмчийн уурхайг л булааж авах гэсэн байна. Одоо Өмнөговийнхныг яах ёстой юм. Хулгайч гээд гарласан хүмүүсийн нэрс дунд нь Их хурлын гишүүд, засаг дарга, иргэдийн хурлын төлөөлөгчид нь явж байна ш дээ. Шүүхээр тогтоогдоогүй байхад гэмгүй хүмүүсийг хулгайч гээд зарлачихсан нь өөрөө Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл болж байна шүү дээ. Хувийн өмч, хүний эрх хоёрыг хамгаалах үүрэгтэй Монголын Ардчилсан парламент ажлаа хийх ёстой гэдгийг хэлье. 


УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Намайг хулгайч гэж зарласан нь миний нэр төрийг л гутаах гэсэн оролдлого 


Ардчилсан Монгол улсад хүний эрх, эрх чөлөө эрсдэлд орох явдалд нүүрлэж байна шүү. МАН, манай намд иргэд итгэсэн ч одоо итгэл нь алдарч байна. Нүүрсний хулгайтай холбогдсон гишүүний хувиар хэлье. Нүүрсний борлуулалт, хулгай, юу байдаг юм тэр бүх ажилд нь миний бие ямар ч холбоогүй гэдгийг чуулганы индрээс хариуцлагатайгаар мэдэгдье. Бодит зүйл бодитоороо гарна. Би шалгуулдгаараа шалгуулна. Энэ бол миний нэр төрийг унагах гэсэн оролдлого. Эзнийг нь ч мэдэж байна. Үүний цаана жинхэнэ хулгайчийг зарлахыг, оффтэйк гэрээнүүдийг ил тод болгох хэрэгтэй үүнийг би шаардаж байна. 




Холбоотой мэдээ