Дизайнер Э.Азжаргал: “Choogoo” бол ур ухаан шингэсэн урлагийн бүтээлээр өөрийгөө гоёж, үнэлж, хүндэлдэг хүнд зориулагдсан брэнд юм

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-12-27 02:14:14



Шинэ он гарахад ердөө хэдхэн хоног үлджээ. Хоёр оны зааг, энэ цагт хэн бүхэн бүтэн жилийн ажил, хөдөлмөрөө үнэлэн дүгнэж буй.  Чухам энэ л цаг дор “Гоёл наадмын тайзнаа бүтээлээ танилцуулсандаа хамгийн их баяртай байна. Монголын хамгийн том фэйшн шоу бол Гоёл. Энэ нэр хүндтэй том шоунд бүтээлээ гаргана гэдэг бол энэ оны хамгийн том амжилт юм. Үгээр хэлэхийн аргагүй  төсөөлшгүй сайхан мэдрэмж байсан” гээд ажил хөдөлмөрөө дүгнэн, баяр бахдал дүүрэн инээмсэглэх энэ бүсгүйг Азжаргал гэдэг. Тэрээр бүсгүй хүний байнгын хэрэглээ болох цүнхийг давтагдашгүй, чамин хээнцрээр урладаг “Choogoo” брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер юм. Хэдийгээр мэргэжлийн дизайнер биш ч бага насны мөрөөдлөө орхилгүй, эрж хайж, судалсаар дэгжин хээнцэр “Choogoo” брэндийг бий болгож чадсанаараа загварын ертөнцөд хүч түрэн орж ирсэн адтай, одтой бүсгүй юм. Ингээд уншигч танд түүний ярилцлагыг хүргэе. 


Эдийн засагч хүн хэрхэн, яаж яваад загварын ертөнцтэй холбогдож, дизайнер гэж дуудуулах болов оо?

-Би сургуулийг нь төгссөн мэргэжлийн дизайнер бишээ. Олон улсын эдийн засаг, Мэдээллийн бизнес, Бизнесийн удирдлага чиглэлээр ОХУ, Малайз, гэх мэт улсуудад мэргэшээд ирсэн. Хүний мөрөөдлүүд яг хөөсөн бөмбөлөг шиг байдаг. Гол нь тэднийг агаарт хагараад замхарахаас нь өмнө бодит болгох нь их чухал болохоор хүүхэд насны мөрөөдөлөө орхиогүй ээ. Багаасаа зурах дуртай байсан. Тэгээд дизайнер юм уу архитектор болно гэж боддог байлаа. Тэгээд ирээд мэргэжлээрээ биш хоббигоорор ажилласан. Төслүүд болон паблишинг тэр дундаа хүүхдийн номын салбартай холбогддог ч юм уу. Гэхдээ ажил хийж байх бүх хугацаандаа хүүхэд насныхаа мөрөөдлийг орхилгүйгээр  судалгаа хийж, ном уншиж, дэлхийн загварын чиг хандлага хаашаа явж, ямар төрлөөр шинэчлэгдэж байна гээд л өөрийгөө хөгжүүлсээр ирсэн. Тэгээд сая гаргасан бүтээгдэхүүнээрээ Гоёлд орсноор дизайнер гэж албан ёсоор дуудуулж байна. /инээв/ 

Брэндээ хэрхэн гаргаж, өөрийн гар дээр бүтээлээ хэзээ барьж авав?

-Choogoo брэнд маань 2016 оноос хойш судалгааны ажил хийсэн. Хамгийн анхны санаа нь Монгол орон маань эмэгтэйчүүдэд ээлтэй оюу гээд эрдэнийн, гоёлын үнэт чулуу ихтэй. Тийм учраас гоёмсог, тансаг чулуун шигтгээтэй цүнх хийх хүсэлтэй байсан. Тэгээд судалгааны ажил хийж, урт хугацаанд их олон туршилтууд хийсний үндсэн дээр модоор хийх болсон нь зөв шийдэл болсон юм. Дээрээс нь мод маань өөрөө, зураг зурж, чулуу шигтгэх гээд янз бүрээр ашиглах боломжтой байсан. Бид яагаад заавал давуу, арьс гээд өөр материалтай цүнхнээс өөр модон цүнх хэрэглэж болохгүй гэж. Энэ л илүү шинэлэг байсан. 2020 оны 8 сард урт хугацааны туршилтын дараа анхны цүнх маань бэлэн болсон.

Өдөр тутмын хэрэглээний цүнхийг модоор хийнэ гэдэг хэн бүхний санаанд багтахгүй зүйл. Тиймээс шинэлэг нь шинэлэг ч хэрэглээний хувьд нэг л сэтгэлд багтахгүй юм. Ямар авдар биш, үгүй бүр ядаж чемодан гэвэл арай өөр байх гэж бодож байв. Гэтэл би сая өөртэй чинь уулзаад бүтээгдэхүүнийг чинь хараад миний дээрх  төсөөлөл өөрчлөгдлөө л дөө. 

-Дотоодын хэрэглэгчид маань “өдөр тутамдаа хэрэглэж чадахгүй, хайрлаад сервантандаа хийчхээд байна. Яах уу Азаа” гээд асуудаг л даа. Тэгэхээр нээх хөөрхөн, цаанаасаа хэрэглээний хувьд сэтгэлгээ нь өөр байгаад байгаа юм. 

Би өөрөө анхны загвараа хоёр жил гаран хэрэглэж үзсэн. Өдөр тутамдаа хэрэглэх бүрэн боломжтой. Мөсөн дээр хүртэл унагааж үзлээ. Ан цав гараагүй, яагаа ч үгүй, хэрэглээ их сайн даадаг.



Гоёл наадамд орох урилгыг хэрхэн яаж авсан бэ?

- Б.Уянгаа гэж дизайнер найз маань санал тавьсан. Ийм гоё шинэлэг бүтээгдэхүүнээ загварын шоунд танилцуулаач ээ гээд. Энэ жилийн хувьд “Гоёл” наадам маань хугацааны хувьд яг хэзээ болох нь тодорхойгүй байж байгаад хожуу тодорсон. Бид орно гэж шийдчихсэн,  бэлдэж байгаад орсон. 

“Гоёл” наадмын тайзнаа “Choogoo” брэнд маань үнэхээр шинэлэг, чамин гоё харагдаж байсан л даа.  

-Энэ жилийн “Гоёл” наадамд цүнхний төрлөөр ганцхан манай брэнд оролцсон.



Бүтээгдэхүүний түүхий эд их онцлог, сонирхол татсаар л байна. Модоор гэр, тавилга гээд овор ихтэй зүйл л хийдэг шүү дээ. Гэтэл бүсгүй хүний гарт багтах, гоёмсог, чамин өдөр тутмын хэрэглээний цүнх хийнэ гэдэг бол нэлээн ур хийц шаардсан ажил байх.  Түүхий эд, технологийн хувьд дэлгэрүүлж ярьж болох уу?

-Тэгэлгүй яах вэ. Модны хувьд ер нь материалаа бид гаднаас сонгон авч байгаа. Яагаад гэвэл нэгдүгээрт, манай дотоодын модны бүтэц тохиромжгүй. Хоёрдугаарт, хатаалт, технологи, хэрэглээний хувьд боломжгүй байгаад байгаа юм. Эмэгтэй хүнд зориулсан цүнх гэдгээрээ нэгдүгээрт, хөнгөн байх ёстой. Модон цүнх гэхээр хүмүүс их хүнд юм төсөөлөөд байдаг. Хоёрдугаарт, хатуулгын хувьд маш сайн байх ёстой. Тийм учраас бид Бразил жимсний мод сонгон авч, 3-4 төрлийн модоор хийж байгаа. Хийцийн хувьд эхлээд модоо цүнхнийхээ хэлбэрт тохируулаад, нэг бүрчлэн зүсэж, Монголчуудын уламжлалт арга болох углуургадах аргаар хийсэн ч явц дундаа ан, цав үүссэн. Тиймээс мод маань банзаараа ирж байгаа учир 100 хувь ухалт хийж хэлбэрээ гаргах болсон. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт маань зогсолтгүй явагдсаар л байгаа.

Өнгө будаг, нарийн чимэглэлүүдийг хэрхэн ямар шат дамжлагаар хийдэг вэ?

- Судалгааны ажил их удаан явсан гэж би түрүүн хэлсэн шүү дээ. Тэр утгаараа бид нар будгийн ажил дээрээ бүтэн гурван сарыг зарцуулсан. Будгаа ч мөн дандаа гаднаас авч байгаа. Доторлох арьсаа Италиас авч байна.  Яагаад Итали арьс сонгосон бэ? гэхээр цүнхний доторлогоо учир гоёмсог, маш нимгэн, чанарын хувьд дээд зэргийн байх ёстой. Технологийн хувьд модны чийгийг тодорхой хэмжээнд барих ёстой учир арьсаар доторлох болсон. Бусад жижиг хэрэглэгдэхүүнээ Солонгосоос авч байна. Гэхдээ бид удахгүй түгжээ, цоож гээд жижиг хэрэглэгдэхүүнүүдээ дотооддоо цутгалтаар хийх гээд судалгаа, туршилтын ажлууд хийгдэж байна.

Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явцыг сонсоход “Choogoo” брэнд маань зөвхөн дизайнер, оёдолчин хоёрын ажил биш, маш олон хүний ур ухаан шингэсэн бүтээл болж таарах нь. Тийм үү?

-Манай брэндийн хувьд чулууны урлаач, мод урлаач, арьсны урлаач гээд маш олон уран бүтээлчид нэгдэж хийдэг. Нэг хүний санааг Монгол урлаачид нэгдэж, бүтээж байж энэ брэндийг бий болгож байгаа нь онцлог. Товчхондоо бол олон хүний хөдөлмөрөөр бүтсэн Монгол урлаачдын ур ухаан, чин сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн юм. 

Урлаач хүн болгон өөр өөрийн бодол, мөрөөдөл, зорилготой. Зөвхөн мужаан хүн гэхэд модны ажлаа хийгээд, модон авдар урлаад суухаас илүү шинэ зүйл хийж, бүтээх хүсэл зорилготой байдаг. Шинийг эрж хайсан уран бүтээлчдийн энэ сэтгэлгээгээр манай нийт урлаачид миний санааг маш нээлттэй, сайхнаар хүлээн авсан юм. Тэгээд тэд Монголдоо анхдагч модон цүнх үйлдвэрлэлд өөрийн ур ухаанаа шингээх ажилд нэгдсэн дээ. 


   Энд дарж видео үзэхМонгол урлаачдын ур ухаан, чин сэтгэл шингэв. Your style, Your choice


Гаднын зах зээлээс захиалгууд авч байна. Тэгэхээр удахгүй Монгол урлаачдын бүтээсэн модон цүнх дэлхийн зах зээлд гарах нь байна шүү дээ. 

-Энэ жилийн хувьд Dolce & Gabbana модон цүнх гаргачихлаа. Бид үүнд маш их баяртай, олзуурхан хүлээн авч байгаа. Азийн орнуудад хулсаар ч юм уу савхан хэлбэртэй, сүлжмэл,  цүнхүүд гаргадаг. Гэхдээ дэлхийн том брэнд модон цүнх гаргачихаар хэрэглэгчид хэрэглэхийг хүснэ, татагдана. Сүүлийн үеийн загварын чиг хандлагад хэрэглэгч зөвхөн өөртөө зориулагдсан бүтээлийг ганцаархнаа хэрэглэхийг хүсэж хайдаг болсон. Ерөнхийдөө Gucci, Dior гэх зэрэг брэнд гэхээсээ илүүтэй чамин өөртөө л зориулагдсан цор ганц бүтээгдэхүүнийг хайдаг болсон. 

Нийтлэг биш зөвхөн өөртөө зориулагдсан цүнхийг, шилдэг урлаачдаар хийлгэж авах нь танай брэндийн гол онцлог байх нь. Брэндийн слоган ч яг л энэ утга агуулгыг илэрхийлж байна ?

-Слоган маань “Your style, your choice” шүү дээ. Одоо үед хүн болгон нийтлэг байхаас илүүтэйгээр өөрсдийн стилээ бүрдүүлж, өөрсдийн look-ээ өөрөөр хардаг болчихсон.  Тухайн хүнд нь тохирсон дүр төрхөө олно гэдэг гоё. Түүндээ тохирсон цүнх аксесоароо ч сонгодог болчихсон шүү дээ. 




Э.Азжаргал: "Choogoo" брэнд өнгө загвар, үзэмж, хэлбэр хэмжээгээрээ захиалагчийн хүссэнээр буюу цор ганц урлагддаг. Хэрэглэгч өөрийнхөө зургийг зуруулж, өөрийнхөө ивээл чулууг ч шигтгүүлж болно.




















...Япон, Америкаас ч захиалга авч байна.












Уг брэндийн маань ур хийц, эдэлгээ нь хэрэглэгчдийн таашаалд нийцэж,  хэрэглэгчийн тоо нэмэгдэх байх гэсэн итгэл байна уу? 

-Итгэлтэй байна. Манайх одоогийн байдлаар Япон, Америк гээд гаднын улсаас захиалга авч байгаа. Япон улсаас ирж буй захиалгууд маш өвөрмөц захиалгууд байдаг. Зурагтай гэхээсээ илүү дандаа  сийлбэртэй, илүү байгалийн модоороо, натурал гэх мэт. Америкаас болохоор өнгөний сонголттой, илүү хурц шийдлүүд хүссэн загваруудыг захиалдаг. 

Хэлбэрийн хувьд одоогоор 4-5 төрлийн хэлбэрээр гаргаж болно. Модоор урлаж буй учир захиалагч маань юу хүсч байна, түүнийх нь дагуу хийдэг. Дээрээс нь манай брэндийн хамгийн гол онцлог зүйл нь зөвхөн нэг л хувь гаргадаг. Өнгө загвар, үзэмж, хэлбэр хэмжээгээрээ захиалагчийн хүссэнээр буюу цор ганц урлагдана гэсэн үг. Хэрэглэгч өөрийнхөө зургийг зуруулж, өөрийнхөө ивээл чулууг ч шигтгүүлж болно. Зөвхөн тэр хүнд зориулагдан урладаг гэдгээрээ онцлогтой. Гадаад захиалгууд ерөнхийдөө манайд гаргасан хэлбэрээс сонголт хийж байгаа. Япончууд бол чөлөөт сэтгэлгээтэй хэлбэр, хэв загварт захирагддаггүй хүмүүс. Натурал хэлбэрээр, эртний сүг зураг мэт сийлбэртэйгээр захиалдаг. Тэд нартай хамтарч ажиллахад юу хүсэж буйгаа мэддэг учир илүү амар байдаг. “Choogoo” брэнд бол урлагийн мэдрэмжтэй, гар урлалын үнэ цэнийг ойлгодог, ур ухаан шингэсэн бүтээлээр өөрийгөө гоёж, өөрийгөө үнэлдэг, хүндэлдэг хүний л сонгодог бүтээгдэхүүн юм. Дэлхий нийтийн загварын тренд гар урлал руу түлхүү явж байна. Аливаа бүтээгдэхүүн  үйлдвэрт төгс хийгддэг шүү дээ. Харин хүний гараар хийсэн зүйлд жаахан ч гэсэн алдаа байдаг. Энэ нь илүү үнэ цэнэтэйд тооцогдож байна. Манайх цүнхнээс гадна чулуун эдлэлүүд мөн хийдэг. Монгол эрчүүдийн хэрэглэдэг хөөргийг зөвхөн баярын өдрүүдэд л элбэг хэрэглэдэг. Зөвхөн монгол оронд байдаг чүнчүгноров, халтар мана гэх мэт чулуугаар  өдөр тутам хэрэглэж болох бүтээгдэхүүнийг яагаад хийж болохгүй гэж. Тийм болохоор  дөрвөн бэрхийг чүнчүгноров, халтар мана, усан мана, номин гэсэн эх орны чулуугаар хийж байна. Гэх мэтээр бүтээгдэхүүнүүд байгаа байгаа.


Өөрийн мөрөөдлөө хаялгүй, тээсээр улс орны эдийн засаг амаргүй, энэ л онц цагт брэндээ гарган олон нийтэд таниулж буй нь бахархалтай байна. Гадаад зах зээл рүү ч гарган ажиллаж буйд чинь баяр хүргэе. Энэ хүртэл өөртэй чинь хамт байж, дэм болж байсан хүмүүстээ юу гэж хэлэх вэ?

-Бодсон бодлыг маань бодит болгон, надтай хамтран ажиллаж байгаа нийт урлаачиддаа баярлалаа. Бүтээл бүрдээ хоёргүй сэтгэлээр хандаж, чин сэтгэлээсээ ур ухаанаа шингээн ажилладаг юм тэд минь. Мөн гэр бүлдээ, тэр дундаа хүүдээ баярлалаа. Бүх зүйл дээр үргэлж дэмждэг, их хөөрхөн. Хүү минь миний хамгийн том зөвлөх. Мөн найз нөхөд минь байна. Тэд үргэлж дэмждэг. Анх би “найз нь модон цүнх хийх гэж байна” гэтэл “солиотой хүүхэн шүү ” гээд л /инээв/. “Солиотой хүүхэн нь модон цүнхээ хийчихсэн” гээд үзүүлэхээр, “солиотой л цүнх байна” гээд их хөөрхөн /инээв/. Мөн бид хэрэглэгчидгүй бол энэ брэнд маань байхгүй. Тэгэхээр хэрэглэгчддээ маш их талархаж байна. 

Ирж буй 2023 онд ямар ажил амжуулах төлөвлөгөө зохиож байна вэ?

- Бидний хувьд улирч буй энэ онд Гоёл наадамд орж бүтээгдэхүүнээ танилцуулсан нь маш том амжилт байлаа. Ирэх жилийн төлөвлөгөөнд бид бие даасан загварын шоу хийнэ. Ингэж хийхдээ уламжлалт аргаар суусан үзэгчдийнхээ өндөртэй тайз, ширээ тойрч хоол идэж, хамтлаг дуучдын үзүүлбэртэй биш шинэлэг байдлаар дэлхий нийтийн чиг хандлагыг дагаад өөрөөр хийнэ. Амжвал Японд дэлгүүрээ нээнэ. Солонгосын загварын шоунд оролцоно гээд маш олон төлөвлөгөө байгаа.

Ярилцсанд маш их баярлалаа 

-Баярлалаа. 

 




Ярилцсан Б.Мөнхтуяа




Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд