LIVE:Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол болж байна. /2023.02.06/

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-02-06 02:11:46

УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголыг энэ сарын 6-8-нд Төрийн ордны Их Эзэн Чингис хаан танхимд зохион байгуулна.

Сонсголын эхний өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны хянан шалгах эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон зээлүүдийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд үүнтэй холбогдуулан 59 гэрчийг дуудуулжээ.

Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол нь “Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт, зөвлөмж өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах” сэдвийн хүрээнд гурван өдөр үргэлжилнэ.

Түр хорооны дарга УИХ-ын Б.Энхбаяр энэхүү сонсголын талаар хэлэхдээ "Нэгдүгээрт, Хөгжлийн банкинд хяналт шалгалт хийгдэж байсан байдлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотой 21 хүнийг гэрчээр дуудна.

Хоёрдугаарт, Хөгжлийн банкны охин компани болох DBM лизинг компаниас санхүүжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, эргэн төлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотой 35 гэрч дуудагдана.

Гуравдугаарт, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн, төсөвт суусан Засгийн газрын төсөл, хөтөлбөрийн багц гэсэн асуудлыг хэлэлцэнэ. Энэ бол зээл биш. 2012-2016 онд Хөгжлийн банкнаас улсын төсөвт суулгаж эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл арга хэмжээний үр дүнг сонсоно. Үүнээс тодруулах шаардлагатай 43 гэрчийг дуудна. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга, Зам, тээврийн сайд асан А.Гансүх, Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн, "Түмэн хишигтэн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Хүлэгт, Намуун, Номин нар сонсголд гэрчээр дуудагдана" гэсэн юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд