Монгол цэргийн эмч нарт БНТУ-ын армийн командлагч талархал илэрхийлжээ
НийгэмБНТУ-ын Хатая муж Антакья хотод дэлгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хээрийн эмнэлэг өнгөрсөн 24 цагийн хугацаанд гамшигт нэрвэгдсэн гэмтлийн болон бусад шалтгаантай нийт 72 иргэнд /10 хүүхэд/ тусламж үйлчилгээг үзүүлжээ.
Ясны хугаралтай 15, зүрх судасны эмгэгтэй 21, амьсгалын замын өвчин, чихрийн шижин болон бусад эмгэгтэй 25 иргэнд эмчилгээ хийж, эмийн зөвлөгөө өгчээ.
Тусламж үйлчилгээ авах иргэд цаг харгалзахгүй ирж байгаа тул эмнэлгийн үйл ажиллагааг 24 цагаар явуулж, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилгоожуулан ажиллаж байгаа талаар Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Өчигдөр /2023.02.13/ орой Турк Улсын EGE-армийн командлагч дэслэгч генерал Kemal YENI бусад тойргийн болон бригадын командлагч нарын хамт эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, талархал илэрхийлжээ.