Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2023 онд 223 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно
НийгэмМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” өнөөдөр Төрийн ордонд болж байна.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ирэх 5 жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашилбал хүнс экспортлогч орон болох, мөн малын өвчингүй эрүүл бүс бий болгох зорилтыг санаачлан дэвшүүлсэн.
Хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэх зорилгоор УИХ-ын 36 дугаар тогтоол батлагдаж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх 5 жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр шийдвэрлэж, Засгийн газарт тодорхой үүрэг, даалгавар өгсөн юм.
Тэгвэл 2023 оны төсөвт хүнс, хөдөө аж ахуйн салбарт 223 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт суулгасан нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жилд хийгдээгүй төсвийн дэмжлэг болж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр хэллээ.
Судалгаагаар, цар тахлын өмнө дэлхийн 53 орны 135 сая хүний хүнсний аюулгүй байдал ноцтой алдагдсан байсан бол өнөөдөр 82 орны 345 сая хүн болж 2.5 дахин нэмэгдээд байна.
Үүний зэрэгцээ 2022 онд дэлхийн үр тарианы үйлдвэрлэл буурсан нь сүүлийн 10 жилд байгаагүй үзэгдэл болж, улс орнууд дотоодын хүнсний бүтээгдэхүүнээ нөөцөлж, экспортоо хязгаарлах болсон нь дэлхий даяар хүнсний хангамж доголдоход хүргэж байна.