Зургадугаар сард Улаанбаатар хотноо Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт болно

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-03-09 02:14:02

Монгол Улс үндэсний хэмжээнд жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж байна. Үүний сацуу олон улсын түвшинд феминист гадаад бодлогыг баримтлан охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн санал, санаачилгуудыг дэмжиж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийн тоог тогтмол нэмэгдүүлж ирсэн.

Дээрх асуудалтай холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг энэ оны 6 дугаар сарын 29-30-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Уулзалтад 42 улсын эмэгтэй Гадаад хэргийн сайд нар, мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын удирдлагад ажиллаж буй эмэгтэйчүүдийг оролцуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж буйг ГХЯ-наас мэдээллээ.

Эмэгтэйчүүдийн оролцоо нь зөрчил мөргөлдөөн, хүчирхийлэлд хамгийн ихээр өртдөг хүүхэд, эмэгтэйчүүдэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг сайтар ойлгон, даван туулахад тэдэнд туслан эв эеийн бүлээн уур амьсгал, энэрэнгүй соёлыг түгээж байдаг. Үүгээр олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилгод илүүтэй нийцдэг байна.

Энэ ч утгаараа энэхүү уулзалт нь дэлхий дахинаа тулгамдаж буй олон улсын энх тайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт болон хүнсний аюулгүй байдлын асуудлаар санал солилцож, эдгээр асуудлыг шийдвэрлэхэд дөхөм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг илэрхийлж байна.

Холбоотой мэдээ