Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ойн өдөр
НийгэмЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1981 оны гуравдугаар сарын 22-ны энэ өдөр Улаанбаатарын цагаар 22.59 цагт ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансарт хөөрсөн юм. Тус хамтарсан баг гуравдугаар сарын 30-нд 19.42 цагт эх дэлхийдээ амжилттай буусан түүхтэй.
Энэхүү түүхэн үйл явдал нь БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон юм.
Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи, физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн гурван чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсад сансар судлал хөгжих эхийг тавьжээ. Өнөөдөр манай улсад сансраас мэдээлэл авч, байгаль газар зүй, уул уурхай, ХАА, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг олон салбарт ашиглаж байна.
Эх сурвалж: dnn.mn