Түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрийг хөрөнгө оруулагчдад танилцуулж байна

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-04-20 12:30:21


“Улаанбаатар олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум-2023” өнөөдөр эхэллээ.  Шинэ сэргэлт-Улаанбаатар бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг эрэмбэлж, хэд хэдэн чиглэлд бодлогоор онцгойлон анхаарна гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн юм.

Ингэснээр  нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үүнийгээ дагаад хот төлөвлөлтийг тэлэх, чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, зам тээврийн нэгдсэн систем бий болгох, зам замын байгууламжийг өргөтгөх, нийтийн тээврийн санг шинэчлэн сайжруулах, чанар стандарт, менежментийн цоо шинэ тогтолцоог бий болгох, олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлд анхааран ажиллаж байна гэдгийг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар хэллээ.

Тэрбээр “Өнөөдөр Улаанбаатарын замын хөдөлгөөнд 500 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчиж байгаа нь замын сүлжээнээсээ хэт давсан үзүүлэлт буюу түгжрэлийн гол шалтгаан болж байгаа юм. Тиймээс авто замын сүлжээг өргөтгөн сайжруулах ажлыг бид үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна. Бид 2024 ондоо багтаан нийслэлийн авто замын түгжрэлд гол нөлөө үзүүлж буй 11 байршилд 16.45 км авто зам, 963.7 у/м гүүр барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд түгжрэлд гол нөлөө үзүүлэх төмөр зам дагуу 4 байршилд нүхэн гарц барихаар гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулаад, зургаадугаар сард барилгын ажлыг нь эхлүүлэхээр ажиллаж байна. Мөн Дэлхийн банкны зээлийн санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотод тогтвортой авто зам, тээвэр нэвтрүүлэх төслийн хүрээнд 7,8 км замыг шинэчлэх, 18.8 км авто замыг шинээр барих ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Замын байгууламжийг холбоос зам, хөндлөн болон босоо замын сүлжээний загвараар төлөвлөж, Улаанбаатар хотыг тойрсон дагуул хотуудыг холбосон авто замын сүлжээг байгуулахаар зорьж байна” гэлээ. 

Холбоотой мэдээ