АНУ-д хураагдсан Монгол Улсын соёлын өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг хүлээн авлаа

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-07 13:36:22
АНУ-д хураагдсан Монгол Улсын соёлын өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах ёслолын ажиллагаа 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдөр АНУ-ын Конгрессын номын санд  болов.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-ын талаас Дотоодын аюулгүй байдлын яамны мөрдөн байцаах агентлагийн захирал Катрина Бэргер болон Конгрессын номын сангийн дэд захирал Ханна Сомерс тэргүүтэй 70 гаруй төлөөлөгч оролцлоо.

АНУ-ын Засгийн газрын зүгээс манай улсад энэ удаад 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өглөө. Энэ удаагийн олдворуудын дунд Tyrannosauridae бүлд хамаарах Alioramus үлэг гүрвэлийн яс багтаж байна. Энэ нь  зөвхөн Монголын нутаг дэвсгэрээс олддог, өмнө нь олдож байсан энэ төрлийн олдворуудаас хамгийн сайн буюу бүтэн хадгалагдсан олдвор тул  цаашид шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой, нарийвчлан судлах шаардлагатай олдвор болохыг судлаачид онцолж байна.

Палеонтологийн шинжлэх ухааны үнэт зүйл болох түүхэн олдворуудыг нээн илрүүлэх, үнэн мөнийг тогтоох, улмаар хууль ёсны өмчлөгчид нь шилжүүлэх ажиллагаанд АНУ-ын шүүх, прокурорын газар, Дотоодын аюулгүй байдлын яам, Гааль, хил хамгааллын алба, бусад хууль сахиулах албаныхан оролцдог бөгөөд Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг буцаах ажилд Америкийн Монгол судлалын төвийн гүйцэтгэх захирал, Нью-Йорк хот дахь Байгалийн түүхийн музейн судлаач, палеонтологич, доктор М.Болорцэцэг 2012 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж байна.

Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай палеонтологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгох ажил 2012 оноос эхлэн амжилттай явагдаж байна.

Холбоотой мэдээ