ЗГ:Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа
Улс ТөрЗасгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 09-нд болж 20 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Америкийн Нэгдсэн Улс дахь айлчлалын үр дүнг хэлэлцэв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ын урилгаар тус улсад 2023 оны наймдугаар сарын 1-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үр дүнгийн талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлолыг баталгах, хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, АНУ-аас хөрөнгө оруулалт татах, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх, шинэ салбарт хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж үзэв.
Айлчлалын дүнгээр “Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн тухай Хамтарсан мэдэгдэл” гаргасан билээ. Айлчлалын хүрээнд байгуулсан санамж бичиг, шийдвэрлэсэн асуудлуудыг шуурхай ажил хэрэг болгохыг Ерөнхий сайд холбогдох салбарын сайд нарт үүрэг болголоо.
Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа
Засгийн газраас 2022-2023 оны хичээлийн жилд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлсэн. 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, нийслэлд гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх тогтоол баталсан. Тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахалж буй.
Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургуулийн 33 гаруй мянган хүүхдийн суудлыг шийдвэрлэх, ачаалал өндөртэй 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар он дамжин хэрэгжиж байгаа 2023 онд ашиглалтад оруулах боломжтой ч энэ жилийн улсын төсөвт үлдэгдэл болон нэмэлт санхүүжилт тусгагдаагүй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг 2024 оны төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт даалгалаа.
Мөн гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулаагүй зарим төсөл, арга хэмжээг дүгнэж, гэрээнд заасны дагуу алданги тооцох, шаардлагатай тохиолдолд цуцлах болон холбогдох бусад арга хэмжээ авахыг сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн хэмнэлт бий болгох зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн барилгын давхрын тоог нэмэгдүүлэх асуудлыг судалж, шаардлагатай бол боловсролын салбарын барилга байгууламжийн стандарт, норм дүрэмд холбогдох өөрчлөлт оруулахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт мөн даалгалаа.