Пап Францис гэж хэн бэ? Товч намтар
НийгэмХорхе Марио Берголио буюу Пап Францис 1936 оны 12 сарын 17-нд Аргентины Буенос Айрес хотод таван хүүхэдтэй айлын ууган хүү болж мэндэлжээ. Түүний эцэг, эх хоёул Италийн баруун хойд хэсгийн Пиемонт нутгаас гаралтай бөгөөд Бенито Муссолинигийн фашист дэглэмээс зугтан гэр бүлийн хамт Аргентин руу цагаачилжээ.
Хорхе Марио Берголио техникийн сургуульд химийн техникчээр суралцаж төгсөөд Буэнос Айрес дахь нэгэн лабораторид хэсэг хугацаанд ажилласан бөгөөд Тэнгэрбурханы дуудлагыг хүлээн авч санваартны амьдралаар замнахаар шийджээ. 1958 оны 3 сарын 11-нд Вилла Девото дахь "Язгуурын гэм нүгэлгүй үр тогтолт" шашны семинарт элсэж улмаар 3 жилийн дараа Есүсийн Нийгэмлэг буюу Есүит шашны бүлгэмийн гишүүн болсон байна. 1969 онд 32 настайдаа санваартны сахил хүртсэн байна. Тэрээр 1970-1971 оны хооронд Испанийн Алькала де Энаресийн Их Сургуульд үргэлжлүүлэн суралцаж сахилаа бататгажээ.
1992 онд түүнийг Буэнос Айресийн шашны их хүрээний туслах хамба ламаар томилсон бөгөөд 1998 онд тус шашны их хүрээний тэргүүн хамба болжээ. Үүнээс гурван жилийн дараа 2001 оны хоёрдугаар сард Пап II Иохан Паул түүнийг кардиналаар сонгож Ватиканы хэд хэдэн үндсэн хэлтэс болон зөвлөлүүдийг хариуцан ажиллахыг даалгав. 2005 оноос эхлэн 2011 он хүртэл Аргентины Католик Хамба Лам Нарын Зөвлөлийн тэргүүнээр сонгогдон ажиллажээ.
2013 оны гурван сарын 13-ны өдөр Кардинал Хорхе Марио Берголио Пап XVI Бенедиктийг залгамжлан Ромын Папаар өргөмжлөгдөхдөө Ассиси нутгийн Францис гэгээнтнийг хүндэтгэн түүний нэрийг сонгож авсан байна. Пап Францис бол Ромын тэргүүн их хамба лам, бүрэн эрхт тусгаар тогтносон улсын төрийн тэргүүн төдийгүй дэлхий даяар орших 1.3 тэрбум католик шашинтнуудын оюун санааны их удирдагч билээ. Түүний ийнхүү сэнтийд заларсан нь анх удаа Ромын Пап Есүит нийгэмлэгээс тэр дундаа Америк тивээс сонгогдсон онцгой түүхэн үйл явдал болсон билээ.
2016 онд Пап Францис Кубын нийслэл Хавана хотын нисэх буудалд Патриарх Кириллтэй уулзаж хамтарсан мэдэгдэл гаргасан нь 1000 гаруй жилийн дараа католик болон үнэн алдартны шашны тэргүүнүүд уулзсан түүхэн үйл явдал болов. Пап Францис дэлхийн энх тайван, байгаль экологийн тэнцвэртэй байдал, хүний эрх, эрх чөлөөг хангах, ядуурлыг бууруулах, шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх талаар Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын байгууллагуудад өөрийн байр сууриа тогтмол илэрхийлсээр ирсэн бөгөөд дэлхийн улс орны удирдагчдад дайнаас зайлсхийх, цаазын ялыг бүрмөсөн халахыг уриалж ирсэн.
2023 онд түүний сэнтийд заларсны 10 жилийн ой тохиосон бөгөөд Папаар сонгогдсоноос хойш тэрээр дэлхийн 40 гаруй улсад төрийн тэргүүний болон шашны удирдагчийн хувиар албан ёсны айлчлал хийжээ. 2023 оны 9 дүгээр сард тохиох Пап Францисын айлчлал Монгол-Ватиканы түүхэн харилцаанд шинэ хуудас нээсэн онцгой үйл явдал болох юм.
Эх сурвалж: catholicchurch-mongolia.mn