Улсын гуравдугаар төв эмнэлэг Монголд анх удаа хөлдөөх аблаци эмчилгээг нэвтрүүллээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-09-21 08:49:47

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2016 онд анх зүрхний хэм судлалын электрофизиологийн лабораторийн аппарат, тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яамны нэг тэрбум тавин сая төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр худалдан авч, суурилуулан зүрхний хэм алдагдлын оношилгоо эмчилгээг эх орондоо анх удаа эхлүүлж байсан түүхтэй юм.

Тус эмнэлгийн Хэм судлалын төвд зүрхний хэм алдагдлын үеийн пейсмекер эмчилгээг жилд 300 орчим тохиолдол, түлэх хэлбэрийн аблаци эмчилгээг 180 орчим тохиолдолд хийж байгаа ба дэлхий нийтэд хэрэглэгдэж байгаа зүрхний хэм алдагдлын үеийн бүх төрлийн суулгац эмчилгээг бүрэн нэвтрүүлээд байгаа нь энэ тусламж үйлчилгээг авах зорилгоор гадаад улсад зорчих иргэдийн урсгалыг нэлээдгүй хувиар бууруулах боломжийг бүрдүүлж байгаа билээ.

Монгол хүний зүрхний судасны шалтгаант нас баралтын эрсдлийн нэг нь зүрхний хүнд хэлбэрийн хэм алдагдал болох тосгуурын жирвэгнээ өвчин бөгөөд тархинд цус харвалт үүсгэх, зүрхний гэнэтийн нас баралтыг бий болгох зэргээр өвчлөл нас баралтын тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа. Тэгвэл өнөөдөр бид энэ төрлийн зүрхний хэм алдагдлын үед эмгэг сэрэл өгч буй цэгийг илрүүлж хөлдөөх замаар засах эмчилгээний технологийг Монгол улсдаа шинээр нэвтрүүллээ.

Түлэх хэлбэрийн аблаци эмчилгээний хувьд ойролцоогоор 4-6 цаг зарцуулж, эмчээс нэлээдгүй өндөр нарийн ур чадвар шаарддаг бөгөөд дахих, хүндрэл гарах эрсдэл өндөртэй байдаг бол харин хөлдөөх эмчилгээний тухайд ажилбар нь ойролцоогоор 1 цаг 30 минут орчим үргэлжилж, хөлдөөх процесс 20-30 минутын дотор дуусдагаараа илүү хялбар хийгдэх боломжийг бүрдүүлж, ажилбарын үеийн эрсдэл бага, эмчилгээний ор хоног цөөн, илүү өндөр үр дүнтэй гэх мэт онцлогтой байдаг.

Энэхүү технологи нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи учраас харьцангуй өндөр өртөгтэй учраас эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлэхэд хэлэлцэж шийдвэрлэх асуудлууд бий. Азийн зарим оронд тухайлбал БНХАУ, БНСУ-д энэ төрлийн мэс заслын зөвхөн эмчилгээний зардал 60-110 сая орчим төгрөг байгаа бол бидний хийсэн тооцооллоор эм, эмнэлгийн хэрэгслийн зардал, оношилгоо шинжилгээний зардал, шууд болон шууд бус зардлууд багтаад манай улсад хийгдэх өртөг нь 40 орчим сая төгрөг болж байна. Энэ нь Монгол хүн эх орондоо дэлхийн түвшний оношилгоо эмчилгээг харьцангуй хямд өртөгөөр хийлгэж, эрүүл мэндтэй холбоотой эдийн засгийн эрсдэлд орохоос зайлсхийх боломжийг бүрдүүлж байна гэж Улсын гуравдугаар төв эмнэлгээс мэдээллээ.


Холбоотой мэдээ