Хотын дарга Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр ажлаа өглөө

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-10-02 14:03:57


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр Ерөнхий сайдад өгсөн. Түүний огцрох өргөдлийг МАН-ын бүлэг дэмжээд буй юм. Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаараа мэдээлэл өглөө.


Тэрбээр “Миний бие өөрийн хүсэлтээр хотын даргын албан үүргээ хүлээлгэн өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Би ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ажлаа өгч байна. Огцорсон зүйл биш. Ерөнхий сайдтай уулзахдаа “Дараагийн хотын даргыг таны зүгээс сонгох нь зөв гэж бодож байна” гэдгээ хэлсэн. Манай хотын ажил зогсож болохгүй. Тиймээс дараагийн хотын дарга миний хийж байсан ажлуудыг үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Би хотын даргын ажлыг авснаасаа хойш үнэхээр хүнд үеүдтэй нүүр туллаа. Эрх зүйн реформ хийхгүйгээр Улаанбаатар хотын байдлыг сэргээнэ гэдэг хүнд ажил юм байна.

Харин автобустай холбоотой асуудлыг хууль, хяналтын байгууллага нэн даруй шалгаасай. Улсын төсвийн мөнгөтэй холбоотой энэ хэргийг яаралтай шүүн тунгааж, үнэн мөнийг гаргаж ирэх хэрэгтэй. Харин миний зүгээс монгол эр хүний хувиар уучлалт хүсэж байна. Надад өөр сонголт үгүй байхад ширэн нүүрлээд байж чадахгүй. Би хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, уул уурхайн салбарт ч ажиллаж байсан. Гэхдээ хотын даргын ажил их зовлонтой бөгөөд хүнд ажил юм байна шүү гэдгийг хэлье. Нийслэлийн иргэддээ дараагийн хотын даргаа хайрлаж яваарай гэж захья” гэв.

Холбоотой мэдээ