Б.Жавхлан: Монгол Улс 2024, 2025 онд бондын өр төлөхгүй

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-12-13 07:52:46


Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалж, Засгийн газрын 2024 онд эргэн төлөгдөх Хуралдай бонд, 2026 онд эргэн төлөгдөх Номад бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Засгийн газрын гадаад өрийн төсөвт үзүүлэх ачааллыг урт хугацаанд жигдлэх, өрийн багцын эргэн төлөлтийн дундаж хугацааг уртасгах, гадаад үнэт цаасны төлбөрийг боломжит хэмжээгээр төсвөөс төлж нийт үлдэгдлийг бууруулах зорилгоор Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022, 2023-2025 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн 2022-2024 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 2.2 тэрбум ам.долларын гадаад үнэт цаасны үлдэгдэл төлбөрүүдийг “Century” I, II, III төслийн хүрээнд өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүллээ.
2021 онд авч хэрэгжүүлсэн “Century” I төслийн хүрээнд  Монгол Улс түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бол  2023 оны нэгдүгээр сард авч хэрэгжүүлсэн “Century” II төслийн хүрээнд хөгжиж буй орнуудад хаалттай байсан зах зээлд өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн анхны орон болж, дефолтын эрсдэлээс бүрэн сэргийлж чадсан.
Харин энэ удаа хугацаа нь тулаад байсан “Хуралдай” бондын үлдэгдэл 392.5 сая ам.долларын төлбөрийг “Century” III төслийн хүрээнд дахин санхүүжилт хийх өрийн зохицуулалтын арга хэмжээг 2023 оны арвандүгээр сарын 20-28-нд амжилттай хэрэгжүүллээ. Тухайлбал, 350.0 сая ам.долларын “Century”III бондыг 7.875 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатайгаар 2023 оны арваннэгдүгээр сарын 28-нд олон улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалж, 2024 оны гуравдугаар сард эргэн төлөгдөх хуваарьтай “Хуралдай” бондын үлдэгдэл 392.5 сая ам.долларын бондын тодорхой хэсгийг буцаан худалдан авлаа. Монгол Улс 2024, 2025 онд бондын өр төлөхгүй.
Шинээр арилжаалсан “Century” III бондын олон улсын хөрөнгө оруулагчдаас ирсэн нийт захиалга 4.8 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэндээ хамгийн өндөр захиалга буюу 13.7 дахин давсан өрийн зохицуулалтын арга хэмжээ боллоо. Түүнчлэн “Century” III бондын хүүгийн түвшин дэх Монгол Улсын Засгийн газрын эрсдэлийн түвшин нь мөн түүхэндээ хамгийн бага буюу 2.3 хувь болсон нь Засгийн газрын өмнө гарган арилжаалж байсан гадаад бондуудын эрсдэлийн дундаж түвшин болох 5.5 хувиас хоёр дахин багассан үзүүлэлт юм. Хэрэв энэ үед АНУ-ын төв банкны бодлогын хүү 0-1 хувьтай байсан бол Монгол Улсын Засгийн газар 2.3-3.3 хувийн хүүтэй бонд гаргах боломжтой байсан гэсэн үг юм.
Засгийн газар ийнхүү хугацаа нь тулсан, өндөр дүнтэй гадаад өр төлбөрүүдийг өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд дахин санхүүжүүлснээр төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх өрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барих, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад эерэг нөлөө үзүүлэх төдийгүй Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хадгалж, цаашид сайжруулахад чухал нөлөөтэй гэж Сангийн сайд танилцууллаа.

Холбоотой мэдээ