Монгол Улсын цанын тамирчдын эрх баталгаажлаа
Нийгэм"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын наадам эхлэхэд 29 хоног үлдлээ. Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 19-с хоёрдугаар сарын 1-ний хооронд болох уг наадамд 70 орны 1900 тамирчин 7 спортын 15 төрөлд олимпын аваргуудаа тодруулах юм.
Залуучуудын өвлийн олимпын 4 дэх наадамд оролцох Монгол улсын гүйлтийн цанын тамирчдын нэрсийг Олон улсын цанын холбоо (FIS)-c энэ долоо хоногт зарласан. 2022-2023 оны хооронд цуглуулсан эрхийн онооны үзүүлэлтээр Монголын цаначид бүтэн багаараа буюу дөрвөн тамирчин оролцохоор боллоо.
"Ганвон 2024" наадамд эрэгтэйчүүдээс ОУХМ Төрбатын Өсөх-Ирээдүй, ОУХМ Ариунжаргалын Хүслэн, эмэгтэйчүүдээс Жамьянжавын Уянгаа, Наранбатын Нандинцэцэг нар эрхийн нормативийг биелүүлж, залуучуудын олимпт уралдахаар боллоо. Манай эрчүүд 17 настай бол охид 16 насандаа залуучуудын олимпын эрхийг аваад байна.
"Ганвон 2024" наадмын цанын төрөлд эрчүүд 10 км, охид 5км-т уралдах ба манай тамирчид холимог багийн буухиа (4х3.3км) уралдаанд мөн өрсөлдөх юм.
Гүйлтийн цанын тамирчдын хувьд заавал эрхийн болзол хангаж оролцох юм.
Энэ удаагийн наадамд Монголын эмэгтэй цаначдаас "Турин 2006", "Сочи 2010" олимпын наадамд уралдаж, тугчаар сонгогдож байсан ОУХМ Э.Очирсүрэнгийн амжилтын буухиа үргэлжилж байгаагаараа онцлог болж байна. Сүүлийн жилүүдэд цанын дасгалжуулагчын албанд шилжилж, олон улсын шүүгчийн зэргээ ахиулж буй Э.Очирсүрэнгийн хүү А.Хүслэн энэ наадмын эрхийг аваад байгаа. Өвлийн спортын түүхэнд тодоор бичигдэх олимпын наадамд ээж, хүү хоер оролцож байгаа шинэ амжилтын буухиаг энэ наадмаас бид харах боллоо. Монголчууд гүйлтийн цанаар олимпын наадамд уламжлал болон оролцдог буухиаг үргэлжлүүлж байгаа нь бахархал юм.
Ч.Болорчулуун (БНСУ)