МОНГОЛЫН ТАМИРЧИД ОЛИМПЫН ЗАМД БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ ЭХЛЭВ
Нийгэм"Gangwon 2024" залуучуудын олимпын IV дэх наадамд Монгол улсаас гүйлтийн цана, уулын цана болон биатлоны төрлөөр анх удаа бүтэн багаараа эрх аван уралдахаар болсон билээ.
Тэгвэл манай тамирчдын түрүүч БНСУ-д хувийн зардлаараа ирж олимпын замд бэлтгэлээ хийгээд эхэлсэн байна. Гүйлтийн цанын тамирчин ОУХМ Ариунжаргалын Хүслэн "Alpensia" олимпын цанын баазад олон орны залуучуудын хамт бэлтгэлд гараад эхэлжээ. Энэ замд Монголын тамирчнаас гадна Ази, Европ тивийн залуус урьдчилсан сорилт бэлтгэл хийж байна.
Мөн анх удаа уулын цанын төрлөөр ОЛИМПЫН эрх авсан манай хоёр тамирчин тусгай хөтөлбөрт хамрагдахаар БНСУ-д ирлээ. Тэд мөн олимпын замд бэлтгэлд гарах юм.
"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын наадамд 80 орны 1900 тамирчин 7 спортын 15 төрөлд аваргуудаа тодруулах ба Монгол улсаас анх удаа 10-с дээш тамирчин эрхээ аван оролцох юм.
Эрэгтэйчүүдээс ОУХМ Төрбатын Өсөх-Ирээдүй, ОУХМ Ариунжаргалын Хүслэн, эмэгтэйчүүдээс Жамьянжавын Уянгаа, Наранбатын Нандинцэцэг нарын гүйлтийн цаначид 16-17 насандаа залуучуудын олимпын эрхийг авсан ба бүтэн багаараа анх удаа ОЛИМПОД уралдах гэж байна.
Гүйлтийн цанын төрөлд эрчүүд 10 км, охид 5км-т уралдах ба манай тамирчид холимог багийн буухиа (4х3.3км) уралдаанд мөн өрсөлдөх юм.
Уулын цанын жиант слалом болон слаломд эрэгтэйчүүдээс Мянганбаатарын Манлайжав, эмэгтэйд Хүдэрчулууны Халиун Монголын багийн удаах эрхийг авчирсан. Дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор уулын цанын дөрвөн тамирчин БНХАУ-д эрхийн сүүлийн тэмцээнд өрсөлдсөнөөс хоёр нь "Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын наадамд оролцохоор болсон нь Монголын уулын цаначид анх удаа олимпын наадамд эрх аван уралдах түүхэн амжилтыг бичлээ.
"Gangwon 2024" олимпын наадмын биатлоны тэмцээн нээлтийн маргааш нь буюу нэгдүгээр сарын 20-д эхлэх ба Монголын биатлоны залуучуудын шигшээ анх удаа бүтэн багаараа эрхийн болзлыг хангаад байна. Биатлончид ирэх сард БНСУ-д ирэх хуваарьтай.
"GANGWON2024" залуучуудын өвлийн олимпын наадам эхлэхэд 22 хоног үлдлээ.
Дашрамд, "GANGWON 2024" Залуучуудын өвлийн олимпын IV дэх наадам БНСУ-ын Ганвон мужийн дөрвөн хотод 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-нд болох юм.
Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ)