"GANGWON 2024": ТИВ ТИВИЙН БИАТЛОНЧИД ОЛИМПЫН ЗАМД БЭЛТГЭЛДЭЭ ГАРЛАА
Нийгэм"GANGWON 2024" залуучуудын олимпын IV наадмын нээлтийн маргааш буюу нэгдүгээр сарын 20-д биатлоны тэмцээн эхэлж, олимпын медальтнууд тодорч эхлэх юм.
Монголын биатлоны түүхэн амжилтын эзэн Э.Энхсайхан дөрвөн жилийн өмнө Лозаннгийн залуучуудын ОЛИМПЫН наадамд Топ 12-т шалгарч, дэлхийн шилдгүүдийн эгнээнд орж ирж байсан билээ. Тэгвэл энэ удаа залуучуудын шигшээ баг бүтэн багаараа ОЛИМПЫН эрх авсан юм.
Монголын биатлоны залуучууд, насанд хүрэгчдийн баг эдгээр өдрүүдэд Германы Арберт олимпын бэлтгэлээ хангаж байгаа ба эрэгтэйчүүдээс Борхүүгийн Сүхбат, Бямбадоржийн Тэмүүжин, Төртогтохын Амарсанаа, эмэгтэйд Хаш-Эрдэнийн Эрдэнэтунгалаг, Олександровнагийн Оюуцолмон, Дэмүүлийн Нямсүрэн нар Олимпын замд уралдах юм. Эрчүүдээс Б.Тэмүүжин, охидоос Д.Нямсүрэн нар 16 насандаа эрхээ авсан бол бусад тамирчид 17 насандаа олимпын наадамд уралдах болзлоо биелүүлжээ.
Монголын биатлоны шигшээ багийн дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар олимп, дэлхийн аварга А.Поповын хамтаар баг тамирчидаа удирдан ажиллаж байна. Энэ удаагийн багийн дасгалжуулагчаар буудлагын спортын ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ, гүйлт хариуцсан дасгалжуулагчаар спортын мастен Б.Бат-Эрдэнэ нар сонгогдон ажиллаж байгаа юм.
Германд бэлтгэлээ хийж буй Монголын баг нэгдүгээр сарын 14-д БНСУ-д ирэх хуваарьтай байна.
"Gangwon 2024" залуучуудын олимпын IV дэх наадамд 80 орны 1900 тамирчин 7 спортын 15 төрөлд өрсөлдөх юм.
Дашрамд, "GANGWON 2024" Залуучуудын өвлийн олимпын IV дэх наадам БНСУ-ын Ганвон мужийн дөрвөн хотод 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-нд болох юм.