ОНЫ ОНЦЛОХ: Сёрфингийн спортын эхлэлийг тавив

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-12-30 15:59:36


Монголын спортын салбарт улирч буй 2023 онд онцгой амжилтууд олноор бичигдэж, зарим төрөлд анхдагч түүх бичигдсэн жил байлаа. Цар тахлын улмаас нэг жил хойшлогдсон "Ханжоу 2022" Азийн наадам урд хөршид болж, тивийн шилдгүүд цугларч шинэ шинэ амжилтууд бичигдсэн. Мөн "Парис 2024" Зуны Олимпын наадмын эрхийн тэмцээнээс Монголын баг байт харваа, чөлөөт бөх, дугуй зэрэг төрөлд эрхээ аваад байгаа билээ.

Тэгвэл энэ оны онцлох нэгэн төрөл нь Сёрфингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон нь онцлох амжилтын нэг байв. Мальдивын арал дээр болсон энэ тэмцээнд Түмэндэлгэрийн ОРГИЛ хэмээх залуу энэ спортын анхны эхлэлийг тавьсан билээ. Усан спортын төрлөөр Монголын залуус олимпод уралдаж байгаа ч шинэ тутам хөгжиж буй мөн дэлхийн аялал жуулчлалд онцгой байр суурийг эзэлдэг Сёрфингийн спортоор манай залуус бэлтгэгдэж ирсэн нь бахдалтай. Малдивын аралд долоодугаар сард болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 18 орон оролцсоноос Монголын оролцогч Т.Оргил 17-р байрт орсон юм. Манай тамирчин Япон, Энэтхэгийн багтай сугалаа тааран хожигдсон ч Шри- Ланкын тамирчинг хожсон. Энэ тэмцээнд Ази болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан шилдэг тамирчдын дунд Монголын Т.Оргил багтаж чадлаа. Хэдийгээр Сёрфинг Монголд өндөр түвшинд хөгжөөгүй ч манай залуус Австрали зэрэг оронд бэлтгэлээ хийж энэ спортыг хөгжүүлэхэд бэлтгэгдэж эхэллээ.

Монголын Сёрфингийн холбоо 2019 онд Олон улсын Сёрфингийн холбооны жинхэнэ гишүүн болсон бол 2023 онд анхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон нь энэ оны онцлох амжилтаар бичигдлээ.



Холбоотой мэдээ