16 насандаа ОЛИМПЫН эрхээ авсан Монголын бахархалууд

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-12-31 13:33:25

Ази тивд анх удаа болох "Gangwon 2024" залуучуудын өвлийн ОЛИМПЫН наадамд Монгол Улсаас гүйлтийн цана, уулын цана, биатлоны төрөлд анх удаа бүтэн багаараа өрсөлдөх эрхийг авсан билээ. 80 орны 1900 залуусын дунд Монгол улсаас 12 тамирчин багтаж тив тивийн шилдгүүдтэй уралдахад бэлэн болжээ. Манай тамирчид 2022-2023 онд дотоодод болон олон улсад үзүүлсэн амжилтаараа мөн ОЛИМПЫН эрх олгох тэмцээнд тив тивийн шилдгүүдтэй өрсөлдсөний эцэст "GANGWON 2024" залуучуудын наадмын эрхийн болзлыг хангасан юм. Эдгээр 12 тамирчнаас тав нь 16 насандаа Олимпын эрхийг авсаныг онцлон хүргэж байна. 


Цанын тамирчид олимпиос олимпын хооронд Монголын багийн амжилтыг тасалж байгаагүй. Гүйлтийн цанаар залуучуудын олимпын наадамд дөрвөн тамирчин эрхийн болзлыг хангасан ба охидоос Жамьянжавын Уянгаа, Наранбатын Нандинцэцэг нар тив тивийн шилдгүүдтэй уралдах юм. Тэд энэ болзлыг 16 насандаа биелүүлсэн нь цасан замд уралдах Монголын залууст амжилтын жим дардан байгааг харуулж байна. 


Биатлоны спортын түүхэнд Монголын тамирчдын амжилт онцгой байгаа. 2020 оны залуучуудын өвлийн ОЛИМПЫН III наадамд Э.Энхсайхан хэмээх залуу ТОП 12-т багтсан нь биатлончдын амжилтын түүхийг тодоор бичсэн билээ. Энэ залуу тухайн үед дэлхийд данслагдах замналынхаа эхлэлийг тавьсан нь залууст урам зориг өгч өдгөө "GANGWON 2024" наадамд зургаан биатлонч багтаад байгаа юм. Тэдний дунд 16 насандаа ОЛИМПЫН эрхийг биелүүлж чадсан нь хөвгүүдээс Бямбадоржийн Тэмүүжин, охидоос Тэмүүлийн Нямсүрэн нар юм. Монголын биатлончдын амжилт улам залуужиж эхэлсэн нь олон улсын бэлтгэлийг Европ тивд хийсэн нь үр дүнгээ өгч эхэлсэнээм гадна шигшээ багийн бүрэлдэхүүнд гадаад дасгалжуулагчийг авсан нь энэ олимпын эрх авсан тамирчдын амжилтаар харагдан. Биатлончид хувийн болон багийн уралдаанд уралдах юм. 


Уулын цанын сонирхолтой төрлүүд шинээр нэмэгдэж, залуусын авьяас чадвараа сорих боломжууд олноор нэмэгдсэн. Энэ хэрээр үзэгчийг татаж эхэлсэн уулын цанын жиант слалом болон слаломд Монголын 2 тамирчин анх удаа эрхийн болзол ханган Олимпын багт багтаж чадсан билээ. Энэ болзлыг 16 настай Хүдэрчулууны Халиун гэх охин бичиж чадлаа. Ийнхүү Монголын баг "GANGWON 2024" залуучуудын өвлийн ОЛИМПЫН наадамд 12 тамирчин буюу төрөл бүр дээр багаараа уралдах эрхийг авсаны дунд 16 насандаа тив тивийн шилдгүүдийн эгнээнд багтсан тэднийг онцлон хүргэлээ.


Дашрамд, "GANGWON 2024" Залуучуудын өвлийн олимпын IV наадам БНСУ-ын Ганвон мужийн дөрвөн хотод 2024 орны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-нд болох юм.


Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, "Alpensia" олимпын хотхон)

Холбоотой мэдээ