ЭНЭ ОНЫ АНХНЫ ОЛИМП СОЛОНГОСТ
НийгэмТэгш жил ба Олимпын шилдгүүдийг нээх 2024 он. Онцгой жилийн онцлох наадам ОЛИМП. Хүн төрөлхтөний баяр цэнгэлийн хамгийн том наадам болох өвөл, зуны ОЛИМПЫН бахдам амжилтууд бичигдэх жил тохиож байна. "Парис 2024" зуны ОЛИМПЫН XXXIII наадам долоон сарын дараа эхэлж, цар тахлын үед Ази тивд зохиогдсон хоёр ч олимпын дараа болж байгаараа онцгой ач холбогдолтой болох юм.
Тэгвэл эдгээр өдрүүдэд дэлхийн анхаарлын төвд БНСУ ороод буй. "Сөүл 1988" зуны болон "Пёнчан 2018" өвлийн олимпын наадмыг зохион байгуулж байсан солонгосчууд энэ сард залуучуудын өвлийн спортын IV ОЛИМПЫН наадмыг зохион байгуулахад бэлэн болжээ. "Gangwon 2024" Олимп эхлэхэд 18 хоног үлдлээ.
Олон улсын олимпын хороо (IOC) 2010 онд Сингапурт залуучуудын зуны спортын анхдугаар олимпын наадмыг зохион байгуулж, олимпын шинэ одуудын нээж байсан билээ. Энэ наадмаас ирээдүйн аваргууд, шинэ амжилтууд бичигдэж эхэлсэн түүхтэй. Тиймээс залуучуудын олимпод дэлхийн улс орнууд онцгой анхаарч эхэлсэн юм. Монголчуудын хувьд залуучуудын зуны спортын анхдугаар олимпиос эхлэн ирээдуйн аваргуудыг угтаж авсан. 2010 онд Сингапурт болсон анхдугаар зуны олимпиос спортын гимнастикийн Г.Эрдэнэболд, чөлөөт бөхийн Б.Батцэцэг нар аваргын алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн удаатай. Энэ наадмаас залуучуудын олимпын аварга хэмээх амжилтыг эх орондоо авчирсан тэдний залгамж халаа эрс нэмэгдсэн. Тиймээс "Нанжин 2014" залуучуудын зуны олимпын II наадмаас чөлөөтийн Б.Дөлгөөн мөнгөн медаль хүртэж байсан бол жүдогийн Ц.Цогтбаатар, хүндийг өргөлтийн М.Анхцэцэг, буудлагын Н.Ангирмаа нар дараагийн ОЛИМПЫН эхлэлээ тавьсан түүхтэй. Энэ наадамд шагналт IV байранд орж байсан М.Анхцэцэгийн амжилтын буухиа эхэлсэн юм. Залуучуудын олимпиос ирсэний дараа түүний амжилт эрс нэмэгдэж, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, олимпын шагналт IV байрын амжилтыг үзүүлээд байгаа билээ. Жүдогийн Ц.Цогтбаатар ч хэдийнэ дэлхий, олимпын жүдоч болсон түүхтэй. Тиймээс залуучуудын ОЛИМПЫН ач холбогдол үүнд оршиж байгаа юм. "Буэнос -Айрес 2018" залуучуудын олимпын наадамд Монголын багийн амжилт Г.Тэмүүжин, Л.Сосорбарамын медалын буухиагаар үргэлжилж зуны спортын төрлүүдийг сонгон хичээллэх залуусын тоо эрс нэмэгдсэн. Мөн залуучуудын олимпын анхдугаар наадмын ширээний теннисний тэмцээнийг Э.Мөнхбилэг шүүсэн нь олон улсад Монголын шуугчдийн зэрэглэл нэмэгдэх боломжтойг харуулсан юм.
"Токио 2020" Олимпын наадмын хүндийг өргөлтийн тэмцээнийг шүүж, "Парис 2024" Олимпын наадамд шүүгчээр ажиллах эрхээ аваад байгаа Л.Одгэрэлийн амжилт "Буэнос -Айрес 2018" залуучуудын зуны олимпын наадмаас эхэлсэн удаатай. "Залуучуудын олимп бол дараа дараагийн мөрөөдөлдөө хүрэх гүүр нь болдог. Энэ наадмаас залуу тамирчид маш урам зориг авч насанд хүрэгчдийн ДАШТ, Олимпын наадамд орох бэлтгэлээ хийж эхэлдэг. 16-18 насандаа залуучуудын олимпод эрхээ аван оролцож байсан тамирчид одоо маш том амжилтын эзэн болж байна. Жишээ нь, хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг дэлхийн аварга болж, дэлхийн рекорд амжилтыг эвдсэн. Олимпын наадамд ч медальд ойр байж чадсан гэдгээрээ залуучуудын олимпын үр дүн маш их. Тиймээс Олон улсын Олимпын хорооноос энэ наадамд онцгой ач холбогдол өгдөг."гэж Олон улсын шүүгч, Олимпын зэрэглэлийн шүүгч Л.Одгэрэл хэллээ. Тиймээс энэ удаа залуучуудын зуны спортын наадмын онцлох амжилтаас бичихийн учир энэ юм. Хэдийгээр бидэнд өвлийн спортын амжилт тодоор бичигдэх хэмжээнд хүрээгүй байгаа ч цанын "В" зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Б.Ачбадрах, биатлоны "Дэлхийн цом"-д уралдсан, залуучуудын Олимпын ТОП 12-т багтсан биатлонч Э.Энхсайханы амжилтаар дараа дараагийн амжилтын эхлэл болж байна. Учир нь Монголын цаначдын амжилт, залуучуудын сонголт онцгой байгааг "Gangwon 2024" наадамд эрх авсан байдлаас харагдана.
Өвлийн олимпын наадамд эрх аван уралддаг болсон цагаас хойш сүүлийн таван ч олимпод гүйлтийн цанын тамирчид энэ амжилтыг таслаагүй билээ. Мөн биатлоноор олимпын наадамд уралдах эрхийн төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж чадаж байна. Тиймээс олимпын наадмын өмнөх том сорил болох 15-18 насны залуучууд өрсөлддөг Олимпод дэлхийн улс орнууд онцгой анхаардаг болсон юм. "Gangwon 2024" залуучуудын өвлийн IV олимпын наадамд 70 орон оролцохоор эрхээ аваад байсан бол энэ тоо 80 болж нэмэгдлээ. Монгол улсаас гүйлтийн цана, уулын цана болон биатлоны нийт 12 тамирчин дэлхийн залуустай уралдахад бэлэн болжээ.
"GANGWON 2024" наадамд эрэгтэйчүүдээс ОУХМ Төрбатын Өсөх-Ирээдүй, ОУХМ Ариунжаргалын Хүслэн, эмэгтэйчүүдээс Жамьянжавын Уянгаа, Наранбатын Нандинцэцэг нарын гүйлтийн цаначид 16-17 насандаа эрхийн нормативийг биелүүлсэн. Гүйлтийн цанын төрөлд эрчүүд 10 км, охид 5км-т уралдах ба манай тамирчид холимог багийн буухиа (4х3.3км) уралдаанд мөн өрсөлдөх юм.
Монгол Улсаас анх удаа уулын цанын жиант слалом болон слаломд эрэгтэйчүүдээс Мянганбаатарын Манлайжав, Хүдэрчулууны Халиун Монголын багийн удаах эрхийг авчирсан. Дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор уулын цанын дөрвөн тамирчин БНХАУ-д эрхийн сүүлийн тэмцээнд өрсөлдсөнөөс хоёр нь "Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын наадамд оролцохоор болсон нь Монголын уулын цаначид олимпын наадамд анх удаа эрх аван уралдах түүхэн амжилтыг бичлээ.
Монголын биатлоны түүхэн амжилтын эзэн Э.Энхсайхан дөрвөн жилийн өмнө "Lausanne 2020" ОЛИМПЫН наадамд Топ 12-т шалгарч, дэлхийн шилдгүүдийн эгнээнд орж ирж байсан билээ. Мөн энэ наадамд эмэгтэй анхны биатлонч Ч.Бямбасүрэн ч эрхийн болзол ханган дэлхийн шилдгүүдтэй уралдсан түүхтэй. Энэ амжилтын араас "Gangwon 2024" наадамд Монголын биатлончдын амжилт онцгой байна. Германы Арберт олимпын бэлтгэлээ хангаж байгаа шигшээ багийн залуусаас Борхүүгийн Сүхбат, Бямбадоржийн Тэмүүжин, Төртогтохын Амарсанаа, эмэгтэйд Хаш-Эрдэнийн Эрдэнэтунгалаг, Олександровнагийн Оюуцолмон, Дэмүүлийн Нямсүрэн нар хэдхэн хоногийн дараа Олимпын замд уралдах юм. Монголын биатлоны шигшээ багийн дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар олимп, дэлхийн аварга А.Поповын хамтаар баг тамирчидаа удирдан ажиллах болсон нь энэ удаа зургаан тамирчин эрхийн болзол хангаж чадсан нь тэдний ажлын үр дүнг өгч эхлэв. Тиймээс энэ удаагийн Олимпод гүйлтийн цана, уулын цанын тамирчдаас гадна биатлоны бүтэн багийн уралдаанд гол анхаарал өрнөх юм. Германд бэлтгэлээ хийж буй Монголын биатлоны шигшээ баг нэгдүгээр сарын 14-д БНСУ-д ирэх хуваарьтай байна. Мөн нэгдүгээр сарын 19-д ОЛИМПЫН нээлт болсны маргааш нь "Alpensia" олимпын замд биатлоны тэмцээнээр медальтнууд тодорч эхлэх бол хоёрдугаар сарын 1-д гүйлтийн цанаар өндөрлөх юм.
Дашрамд, "GANGWON 2024" Залуучуудын өвлийн олимпын IV дэх наадам БНСУ-ын Ганвон мужийн дөрвөн хотод 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-нд болох ба 80 орны 1900 тамирчин 7 спортын 15 төрөлд шилдгүүдээ тодруулна.
Ч.БОЛОРЧУЛУУН. (БНСУ, Каннин хот, "Alpensia" Олимпын хотхон)