Монголын уулын цаначид анх удаа олимпын багт багтав
Нийгэм
"GANGWON 2024" залуучуудын өвлийн ОЛИМПЫН наадамд 80 орны 1900 залуучууд долоон спортын 15 төрөлд шилдгүүдээ тодруулахад 13 хоног үлдлээ. Ази тивд анх удаа болж буй залуучуудын өвлийн олимпын наадамд Монгол улсаас гүйлтийн цана, уулын цана, биатлоны нийт 12 тамирчин багтсан юм.
Эдгээр өдрүүдэд БНСУ-д тив тивийн оролцогчид, албаныхан ирээд байгаа ба уулын цанаар эрхээ авсан манай тамирчид "2024 DREAM PROGRAM"-д хамрагдаж байна. Олимпын бэлтгэлийн төв болох "Alpensia" Convention centr-т өчигдөр(01.05) нээлтээ хийсэн энэ удаагийн хөтөлбөрийн оролцогч М.Манлайжав, Х.Халиун нарын сэтгэгдлийг хүргэе.
Олимпын өмнөх "Dream" хөтөлбөрт гурав дахь удаагаа хамрагдаж байгаа М.Манлайжав уулын цанын эрэгтэй тамирчдаас анх удаа Олимпын эрх авсан ба Монгол улсын багийн тугчаар сонгогдсон билээ.
17 насандаа олимпын эрхийн болзол хангасан М.Манлайжав 2018 оноос эхлэн альпийн цанаар хичээллэж байна. Тэрбээр АШУУИС-ийн Лицей сургуулийн 12-р ангийн сурагч юм.
"Залуучуудын олимпын өмнөх "Dream" хөтөлбөрт 2022-2023 онуудад хамрагдаж байсан. Энэ хөтөлбөр олимпын тосгонд болдгоороо их онцлогтой. Анх 2022 оны тавдугаар сард "Пёнчан 2018" олимпын наадам болсон хотхонд ирээд сүрдмээр байлаа. Бидэнд ийм цанын бааз байдаг бол гэж их бодогддог байв. Олон орны найз нартай танилцаж, зуны хөтөлбөрийг үр дүнтэй өнгөрүүлж байлаа. Би уулын цанын төрлийг сонгосон учраас бусдаасаа өөр хотод бэлтгэлд хамрагдаж байсан. Энэ хөтөлбөрийн үр дүнд залуучуудын олимпын эрх авч чадсан. Энэ боломжийг дахин олгосонд Цанын холбоондоо болон Олимпын хорооны хамт олонд баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Тив тивийн залуустайгаа эргэн уулзах боломж олдлоо. Бидний хувьд Олимпын өмнө 10 хоногийн турш тусгай хөтөлбөрт хамрагдаж, бэлтгэлээ хийнэ. Мөн Монгол улсын багийн тугчаар сонгогдсондоо баяртай байна. Энэ мэдээллийг БНСУ-д ирээд мэдсэн" гэдгээ М.Манлайжав хэлж байв.
Монголын уулын цанын эмэгтэй тамирчдаас анх удаа Залуучуудын
Олимпод уралдах Х.Халиунаатай ярилцсанаа хүргэе.
-Олимпын өмнөх сэтгэгдлээ хуваалцах юу? Яагаад уулын цанын
төрлийг сонгох болсон бэ?
-"Пёнчан 2018" өвлийн олимпын наадам болж байсан
хотхонд ирээд сэтгэгдэл маш өндөр байна. Миний хувьд маш их бахархалтай үйл
явдал болж байна. Энэ бол миний амьдралд хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамжын
нэг болж үлдлээ. Бас надад уулын цанын спортыг сонгох болсон сонголтыг өгсөн
дүүдээ маш их баярлалаа. Миний дүү энэ спортыг надаас өмнө сонгочихсон байсан.
Би дүүгээ тэмцээнд оролцохоор нь дагаж явсаар байгаад дуртай болсон. Уулын цана
их эрсдэл ихтэй. Маш олон залуучууд сонгодог болсон болохоор амжилт сайн ахиж
байна.
-Залуучуудын олимпын эрхийн сүүлийн тэмцээн БНХАУ-д болсон. Энэ
тэмцээнд хэрхэн оролцсон бэ?
-Манай багшийг П.Энхтүвшин гэдэг. Багш маань анх надад санал
тавьсан. Залуучуудын олимпын эрхийн тэмцээн Бээжин хотод болох талаар багш
маань хэлээд зоригжуулж эхэлсэн. Би дотоодын тэмцээнд маш сайн оролцдог байсан
болохоор өөрийгөө сориод үзье гэж бодсон. Бээжинд болсон тэмцээн их
өрсөлдөөнтэй болсон. Олимпын эрхийн сүүлийн тэмцээн байсан болоод ч тэрүү тив
тивийн шилдэг тамирчид ирсэн байсан. Монголоос хоёр тамирчин оролцоод би
Олимпын эрхээ авсан байгаа.
-Залуучуудын олимпын эрх баталгаажсан мэдээллийг хэрхэн мэдэж
байсан бэ? Энэ талаар сэтгэгдлээ хэлэхгүй юу?
-Бээжин хотод олимпын эрхийн тэмцээн 2023 оны арваннэгдүгээр
сард болсон. Тэмцээний дараа олон улсад гарсан чансаагаар надад эрх олгогдсон
юм билээ. Багш маань боломж байгаа гэдгийг хэлдэг байсан. Тухайн үед олимпын
эрх авсаныг гүйлтийн цанаар хоёр удаа Олимпод уралдаж байсан Э.Очирсүрэн эгч
хэлж өгсөн. "Олимпод орохоор болсон байна. Баяр хүргэе" гэж хэлэхийг
сонсох мэдрэмж үнэхээр гоё байлаа. Одоо бүх зүйл ард хоцорсон болохоор
хөтөлбөртөө амжилттай хамрагдаад олимпод маш сайн уралдахыг хичээж байна.
Намайг энэ спортыг сонгох боломжийг олгосон дүүдээ маш их баярлаж байна. Бас
багш маань үнэтэй зөвөлгөө өгч Олимпын эрхийн тэмцээнд оролцох боломжийг
олгосонд талархаж байгаагаа хэлмээр байна.
-Олимп болоход цөөн хоног үлдлээ. Бас түүхэн амжилт гаргаж,
Олимпын багт багтсанд баяр хүргэе.
-Баярлалаа. Олимпын өмнөх олон орны залуучуудыг багтаасан
"Dream" хөтөлбөрт хамрагдах болсонд маш их баяртай байгаа. 2018 оны
Олимп болж байсан хотхоны нэгхэн хэсэгт саатахад үнэхээр гоё юм байна.
"Alpensia" олимпын баазад ирсэн эхний өдрөөс бэлтгэлд гарсан. Надад
уулын цанаар Олимпод уралдах боломжийг олгосон Монголын цанын холбооны хамт
олондоо баярлалаа. Намайг дэмжиж байдаг бүгдэд баярлалаа. Багшдаа болон дүүдээ
талархаж байгаагаа дахин хэлмээр байна.
Олон орны залуус "Dream" хөтөлбөр нэгдүгээр сарын
15-ыг хүртэл Пёнчан, Каннин хот дахь олимпын бэлтгэлийн баазад болох юм. Уг
хөтөлбөрт М.Манлайжав гурав дахь удаагаа хамрагдаж байгаа бол Х.Халиун анх удаа
сонгогджээ.
Манай тамирчид "GANGWON 2024" Олимпод уулын цанын
жиант слалом болон слаломд дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор нэгдүгээр
сарын 23-аас эхлэн high1resort -д уралдах юм. Монголын уулын цаначдын Олимпын
тэмцээн нэгдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд болох хуваарьтай байна.
Монголын уулын цаначид анх удаа олимпын наадамд эрх аван уралдах
түүхэн амжилтыг бичээд байгаа билээ. М.Манлайжав 18, Х.Халиун 17 насандаа
залуучуудын олимпын замд гарна.
Дашрамд, "GANGWON 2024" Залуучуудын IV өвлийн олимпын
наадам БНСУ-ын Ганвон мужийн дөрвөн хотод 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс
хоёрдугаар сарын 1-нд болох юм. Монголын багийн тэмцээн нээлтийн маргааш буюу
нэгдүгээр сарын 20-д "Alpensia" биатлоны талбайд эхэлнэ.
Олимпын тосгоноос мэдээллийг эргэн хүргэнэ.
Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, "Alpensia" олимп хотхон)