ЦАНАЧИД ОЛИМПЫН ЗАМД БЭЛТГЭЛДЭЭ ГАРЛАА

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-01-08 15:02:51


Ази тивд анх удаа болох залуучуудын өвлийн олимпын наадмын бамбар асахад 10 хоног үлдлээ.

БНСУ-д эдгээр өдрүүдэд орон орны тамирчид болон албаныхан байрлаж, олимпын өмнөх бэлтгэлээ хангаад байна. Монгол улсаас "Gangwon 2024" залуучуудын IV өвлийн олимпын наадамд гүйлтийн цана, биатлон болон уулын цанаар нийт 12 тамирчин эрхээ авсан тив тивийн шилдгүүдтэй өрсөлдөхөд бэлэн болоод байна. Монголын цанын холбооны шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгаар удирдуулсан залуучуудын шигшээ баг "Alpensia" олимпын хотхоны ойролцоо байрлан бэлтгэлдээ гарч эхэллээ. Энэ удаагийн олимпын наадамд эрэгтэйчүүдээс ОУХМ Төрбатын Өсөх-Ирээдүй, ОУХМ Ариунжаргалын Хүслэн, эмэгтэйчүүдээс Жамьянжавын Уянгаа, Наранбатын Нандинцэцэг нарын цаначид эрхийн нормативийг биелүүлж, залуучуудын олимпт уралдахаар болсон юм. 


"Орон орны цаг агаарын нөхцөл байдал өөр өөр байдаг. Биднийг оны өмнө Норвеги, Шведэд очиж уралдахад цаг агаарын таагүй үе гарч байсан. Гэхдээ манай залуус энэ удаа эрхийн нормативийг биелуулж, дөрвөн тамирчин залуучуудын олимпод уралдахад бэлэн боллоо. Энэ удаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос анхаарч олимпын өмнөх бэлтгэлийг энд хийхээр болоод байна. Цанын спортын амжилт жилээс жилд сайжирч байгаа нь эрхээ авсан тамирчдын амжилтаар харагдана. Тиймээс бид энэ удаа дөрвөн тамирчны амжилтыг олимпод харах үлдлээ. Технологийн шийдэл асар хурдтай хөгжиж байгаа энэ үед цанын хэрэгслийн хангамжийг сайжруулах зэрэг асуудлууд бий. Мэдээж ярих зүйл их байдаг ч энэ олимпод бид амжилтаа ахиулахаар зорьж байгаа учир тамирчдынхаа хамт урьдчилсан байдлаар ирээд байна." гэж шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга хэллээ. 


Монголын гүйлтийн цанын тамирчдын тэмцээн нэгдүгээр сарын 29, 30, хоёрдугаар сарын 1-д "Alpensia" биатлоны талбайд болно.


БНСУ-ын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд болж, ОУХМ Б.Ачбадрах 15 км, 30 км-ын зайн уралдаанд тус бур мөнгөн медаль авсан билээ. Мөн "Gangwon 2024" залуучуудын олимпын наадамд уралдах 18 настай А.Хүслэн ойрын зайн уралдаанд шилдэг наймд шалгарсан амжилтыг үзүүлэв. 


Олимпын мэдээллийг "Alpensia" цанын талбайгаас эргэнэ хүргэнэ. 


Ч.БОЛОРЧУЛУУН 

#Gangwon2024 #올림픽뉴스 #동계청소년올림픽대회 #цанынспорт #MGLteam #цанынспорт #크로스컨트리스키 #스키 #알펜시아 #winter700

Холбоотой мэдээ