"Gangwon 2024": Монгол Улс Залуучуудын олимпод оролцох зорилгодоо хүрлээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-01-09 23:35:37

Гүйлтийн цанын залуучуудын шигшээ багийн тамирчдаас Жамьянжавын Уянга, Наранбатын Нандинцэцэг нарын охид "Gangwon 2024" олимпын наадмын эрхийн болзлыг хангасан билээ. Ази тивд анх удаа болох залуучуудын өвлийн олимпын наадам эхлэхэд 9 хоног үлдсэн ба Монгол улсын гүйлтийн цанын дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор "Alpensia" цанын баазад бэлтгэлээ хийж буй тамирчдын сэтгэгдлийг хүргэе. 



"ОЛИМПЫН ЗАМД БЭЛТГЭЛД ГАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА"


2023 онд Монголын бүх ард түмний өвлийн спортын XVI наадамд өсвөрийн тамирчдаас бахдам амжилт үзүүлж, медаль хүртэж байсан цаначдын нэг бол Архангай аймгаас ирж оролцсон Ж.Уянга билээ. Тэгвэл өнөөдөр түүний хувьд тив тивийн шилдгүүд уралдах залуучуудын олимпын наадмын бэлтгэлдээ гол анхаарлаа хандуулаад эхэлсэн байна. 16 насандаа "Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын наадамд уралдах эрхийн болзлыг биелүүлсэн Ж.Уянга мөрөөдлийнхөө эхлэлийг тавьсанаа хэлж байна. "Сэтгэл маш өндөр байна. 2023 онд Норвегид болсон эрхийн оноо олгох тэмцээний 5 км-ын зайн уралдаанд уралдаж болзлоо хангасан. Одоо олимпод уралдахад 20-иод хоног үлдлээ. Цанын спорт сайхан санагдсан учраас тууштай сонгон хичээллэж байна. Манай нутагт цас бага ордог болохоор бэлтгэлээ хотод хийдэг байсан. Одоо зорилгоо биелүүлээд олимпын замд бэлтгэлд гарсандаа сэтгэл хангалуун байна." гэж Ж.Уянга хэллээ. 


"ТОМ ЗОРИЛГЫНХОО АРД ГАРЧ ЧАДЛАА"

"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын наадмыг угтан "Dream" хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж байгаа билээ. Уг хөтөлбөрт хамрагдсан цаначдын нэг Н.Нандинцэцэг залуучуудын олимпын наадмын эрхийн болзлыг хангасан юм. Ингээд түүнтэй "Alpensia" цанын баазад ярилцсанаа хүргэе. 


-Юуны өмнө зорилгоо биелүүлж "Gangwon 2024" олимпод уралдах болсонд баяр хүргэе. Одоо олимпод уралдахад цөөн хоног үлдлээдээ. 


-Маш том зүйлийн ард гарсандаа баяртай байна. Нэг тийм хэлэхэд хэцүү ч гэсэн том зорилгоо биелүүлж чадсандаа баяртай байна. Олимпын эрхийн болзол хангасан мэдрэмж маш сайхан байлаа. Норвегид болсон тэмцээн өрсөлдөөн ихтэй байлаа. Олимпын эрхийн оноогоо маш сайн авч чадсан. Залуучуудын олимпын эрх 2023 оны арванхоёрдугаар сарын 19-д баталгаажсан. Энэ удаа бид дөрвүүлээ ирлээ. Гүйлтийн цанын тамирчдын уралдаан 20-иод хоногийн дараа эхэлнэ. 


-"Gangwon 2024" залуучуудын олимпыг угтсан "Dream" хөтөлбөрт хамрагдсан шүү дээ. Энэ хөтөлбөрийн үр дүн гарлаа гэж харж байна. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна?


-Баярлалаа. Энэ хөтөлбөр залуучууд бидэнд маш хэрэгтэй байсан. Олимпод эрхээ авах боломжтой болон улсдаа шилдэг амжилт үзүүлсэн тамирчдыг урьдагаараа онцлогтой. Би зуны сургалтад хамрагдаж маш их зүйл сурч чадсан. Олимпын хотхонд болсон сургалтад хамрагдаж чадсандаа баяртай байдаг. Хэдийгээр зуны сургалт ч гэсэн цанын тамирчин бидний хувьд их зүйлийг мэдэж авсан. Би цанын спортыг сонгосон ч дундаас нь шантрах үе байлаа. Ховор-Эрдэнэ багшийн бэлтгэлд хамрагдаад илүү их сурах зорилготой болсон. Хэрвээ би тэр үед шантарсан бол одоо ингээд олимпод уралдана гээд суухгүй байх байсан. Цанын спортын давуу тал маш их. Цасан зам дээр уралдахын ач тус их шүү гэж хэлмээр байна. Надад тусалсан бүгдэд баярлалаа. Багш нарынхаа итгэлийг алдахгүй амжилттай уралдах болно. гэж 17 насандаа олимпод уралдах охидтой ярилцсанаа хүргэлээ.


Дашрамд, "GANGWON 2024" залуучуудын өвлийн олимпын наадмын нээлт нэгдүгээр сарын 19-д Каннин хотод болох ба Монголын багийн тэмцээн нэгдүгээр сарын 20-д биатлоноор эхэлнэ. Биатлоны тэмцээн Хэнгэ суман дахь "Alpensia" биатлоны талбайд болох юм.


Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, "Alpensia" цанын бааз)



Холбоотой мэдээ