GANGWON 2024: Монголын багийн ХУВААРЬ
НийгэмБНСУ-ын олимпын хот болох Каннин, Пёнчанд орон орны тамирчид болон албаныхан цуглараад байна. Ази тивд анх удаа болох залуучуудын IV өвлийн олимпын наадмын нээлт нэгдүгээр сарын 19-д болох ба 80 орны 1900 залуус долоон спортын 15 төрөлд шилдгүүдээ тодруулна.
Монгол улсаас гүйлтийн цана, биатлон, уулын цанын төрөлд нийт 12 тамирчин эрхээ аван тив тивийн шилдгүүдтэй ОЛИМПЫН медалын төлөө өрсөлдөх юм.
"Gangwon 2024" залуучуудын олимпын наадамд Б. Сүхбат, Б.Тэмүүжин, Т.Амарсанаа, Х.Эрдэнэтунгалаг, О.Оюуцолмон, Д.Нямсүрэн нарын биатлоны тамирчид, Т.Өсөх-Ирээдүй, А.Хүслэн, Ж.Уянга, Н.Нандинцэцэг нарын гүйлтийн цаначид уралдах юм. Мөн анх удаа эрхээ авсан М.Манлайжав, Х.Халиун нарын уулын цаначид тив, тивээс шалгарсан шилдгүүдийн эгнээнд багтсан билээ.
Монголын багийн тэмцээн уралдаан нээлтийн маргааш буюу нэгдүгээр сарын 20-д биатлоны тэмцээнээр эхэлнэ.
БИАТЛОН:
Нэгдүгээр сарын 20, 21, 23
Болох газар: Пёнчан хотын Хэнгэ суман дахь "Alpensia" биатлоны талбай
УУЛЫН ЦАНА:
Нэгдүгээр сарын 22, 23, 25
Болох газар: Чонсонд байрлах high1 цанын бааз
ГҮЙЛТИЙН ЦАНА:
Нэгдүгээр сарын 29, 30, хоёрдугаар сарын 1
Болох газар: Пёнчан хотын Хэнгэ суман дахь "Alpensia" биатлоны талбай
Монголын багийн тугчаар уулын цанын тамирчин Мянгайбаатарын Манлайжав болон биатлонч Дэмүүлийн Нямсүрэн нар сонгогдсон бол багийн ахлагчаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг томилогджээ.
Монголын цанын баг тамирчид "Alpensia" цанын баазад бэлтгэлээ хийж байгаа бол уулын цаначид Пёнчан, Каннин хотуудад "Dream" хөтөлбөрт хамрагдаж байна. Харин Германд бэлтгэлээ хийж буй биатлоны баг ирэх долоо хоногт БНСУ-д ирнэ.
Сонирхуулахад, "Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын наадмын нээлтийн билет дууссан ба тэмцээн уралдааных 10-30 мянган воноор зарагдаж байна.
Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, Каннин хот)