Т.Өсөх-Ирээдүй: ЗОРИЛГЫНХОО АРД ГАРЧ ЧАДЛАА

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-01-14 04:00:41


Монголын цанын холбооны дэргэдэх залуучуудын шигшээ багийн тамирчид БНСУ-ын "Alpensia" олимпын замд дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор бэлтгэлээ хийж байгаа билээ. Эдгээр өдрүүдэд орон орны цаначид олимпын бэлтгэлдээ гарсан ба ОУХМ Төрбатын Өсөх-Ирээдүйтэй ярилцсанаа хүргэе. 17 насандаа олимпын эрхээ биелүүлж, 18 насандаа залуучуудын олимпод уралдах болсон түүний хувьд ах, эгч нарынхаа амжилтыг ахиулахаа амалсан юм.


-"Gangwon 2024" залуучуудын олимпод уралдах болсонд баяр хүргэе. Бид урьд нь зуны сургалтаар ярилцаж байсан. Энэ удаа гол зорилгоо биелүүлээд дахин "Alpensia" цасан замд уулзаж байна?

-Баярлалаа. Мэдээж гол зорилго маань энэ байлаа. Миний хувьд бас таньтай дахин ярилцаж байгаадаа сайхан байна. Баг хамт олныхоо итгэлийг алдсангүй. Гүйлтийн цанын өрсөлдөөн улам л хүчтэй болж байгаа. Холын зайнаас гадна ойрын зайн уралдаан олимпод ордог болсон болохоор сонирхолтой болж байна. Тиймээс бид аль аль зайндаа анхаарах нь чухал болсон. Одоо том зорилгынхоо ард гарсан болохоор дахин олимпын замд ирсэн учраас сэтгэл хангалуун байна. Энэ удаагийн залуучуудын олимп "Пёнчан 2018" олимпын наадмын замд болж байгаа болохоор энэ замд Б.Ачбадрах ах маань уралдсан гэхээр сайхан байна.

-Залуучуудын олимпын эрх олгох сүүлийн тэмцээн Норвеги, Швед, Итали гээд олон оронд болсон. Азийн зам болон Европын замын ялгаа их байдаг байх. Олимпын эрхийн болзлоо хэрхэн биелүүлсэн бэ?

-Монголын цанын холбооны дэргэдэх залуучуудын багт олон шилдэг тамирчид бий. Мэдээж олимпын эрх чухал байсан учраас хамгийн өндөр амжилт үзүүлж буй цаначид Европын цуврал тэмцээнд оролцсон. Би 10 км зайн уралдаанд олимпын эрхээ биелүүлсэн байгаа. Европод болдог тэмцээн бол өрсөлдөөн ихтэй. Гол шалгуур энд явагддаг. Тиймээс Ази тивийн тамирчид энэ тэмцээнд гол анхаарлаа хандуулдаг. Нэг гараанд 90-с дээш тамирчин орох тохиолдол их бий. Бас биднийг олимпын эрхээ авах чухал тэмцээнд оролцоход БНСУ-ын цанын холбооны дэмжлэг их байсныг хэлмээр байна. Бид Солонгосын тамирчидтай хамт зардлаа даалгаад санаа зовох зүйлгүй тэмцээнд оролцоход урамтай байсан. Тиймээс бид БНСУ-ын цанын холбоонд талархах учиртай. Энэ холбооноос их дэмжлэг авдаг.

-"Gangwon 2024" олимпын наадмын эрх авахад "Dream" хөтөлбөр их чухал үүрэгтэй байсан гэж харлаа?

-Тиймээ сайхан байна. Энэ зам надад их ээлтэй юм байна. "Dream" хөтөлбөрийн өвөл, зуны сургалтад хамрагдаж чадсандаа их баяртай байдаг. Би гурван удаа хамрагдсан. Тиймээс надад энэ хөтөлбөр их өгөөжтэй байлаа. Эндээс сурсан зүйл их бий. Бас зуны цагт ч бэлтгэлээ таслахгүй байх боломж олгож байлаа. Одоо уулын цанын эрхээ авсан тамирчид хамрагдаж байгаад баяртай байна. БНСУ-ын талаас олгож буй тэтгэлэгт хамрагдаж, олимпын эрхээ биелүүлж чадсандаа сайхан байна. Монголын цанын холбоо болон Олимпын хорооны хамт олонд талархсанаа хэлье.

-Анхны багш, анхны амжилт гээд ярих түүх их байдаг. Таны хувьд хэнд www.оnlinetvmn.сom сайтаар дамжуулан хэлмээр байна вэ?

-Залуучуудын Олимпын наадамд орно гэдэг дараа дараагийн том амжилтын эхлэл байх гэж харж байна. Энэ эрхийг авахын тулд их олон жилийн минь хөдөлмөр байлаа. Миний хамгийн хайртай багш маань Ю.Соёлмаа гэж эрхэм хүмүүн бий. Би энэ багшдаа маш их талархаж явдгаа хэлмээр байна. Манай багш волейболын спортын мастер цолтой. Миний энэ амжилт багштай минь салшгүй холбоотой. Багшийн маань хоёр шавь 2020 оны залуучуудын олимпод уралдаж байсан. Тэгэхээр надад илүү их хариуцлага оногдсон. Би ах, эгч нарынхаа амжилтыг ахиулахын төлөө сайн хичээж байгаа.

-Гүйлтийн цанын тамирчид биатлон руу орох тохиолдол их байдаг. Таны хувьд өөр сонголт хийх боломж гарч байв уу?

-Манай улсад гүйлтийн цанаар хичээллэх залуучууд их болсон. Тиймээс бидэнд маш том өрсөлдөөн гардаг. Манайхаас биатлон руу орох тохиолдол их бий. Надад ч бас ийм санал ирж байсан. Гэхдээ би гүйлтийн цанадаа илүү сонирхолтой. Одоо олимпод холын зайнаас гадна ойрын зайд аваргуудыг тодруулдаг болсон. Тиймээс бидний хувьд олимпын медальд хүрэх боломж нэмэгдэж байгаа.

Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, "Alpensia" цанын бааз)




Холбоотой мэдээ