ОЛИМПЫН БААТРУУД ЗАЛУУ ТАМИРЧДАА ДЭМЖИВ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-01-16 14:18:16

Ази тивд анх удаа болох "GANGWON 2024" залуучуудын IV өвлийн ОЛИМПЫН наадмын нээлт нэгдүгээр сарын 19-д болж, энэ оны анхны олимпын аваргууд тодорч эхэлнэ. БНСУ-ын Канвон мужийн дөрвөн хотод болох залуучуудын олимпын наадамд 80 орны 1900 тамирчин эрхээ авсан ба зохион байгуулагчид баг тамирчдыг хүлээн авсаар байна.
Монголын баг тамирчид Ханбогд кашмер болон KELME брэндийн хувцсыг өмсөх бол тугчид үндэсний дээлээр гангарах юм.
"Gangwon 2024" олимпод оролцож буй залуу тамирчдаа дэмжин "Токио 2020" олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн аварга жүдоч М.Уранцэцэг болон "Бээжин 2022" өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын төрөлд оролцогч А.Энхтуул нар тамирчдын хувцсыг өмсөн олон нийтэд танилцуулсан байна.
Энэ удаагийн наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын ёслолын хувцсыг МҮОХ-ны Алтан түнш “Ханбогд” кашмер компани урласан бол хаалтын ёслол, өдөр тутмын үйл ажиллагаанд зориулан Испани улсын KELME брэндийн спортын хувцсыг “Грийн Амиго” ХХК ханган ажиллажээ. Олимпын наадмын өмнө олны анхааралд байдаг хувцсыг Олимпын баг тамирчдыг төлөөлөн Тамирчдын комиссын гишүүн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин М.Уранцэцэг, Тамирчдын комиссын гишүүн, цанын спортын ОУХМ А.Энхтуул нар өмсөн олон нийтэд танилцууллаа. Ази тивд анх удаа болж буй залуучуудын өвлийн олимпын наадамд оролцогчдоо дэмжин олимпын баатарууд маань хамтран ажиллаж эхлэв.
"Gangwon 2024" залуучуудын өвлийн IV олимпын наадамд оролцогч гүйлтийн цанын дөрвөн тамирчин маань дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Пёнчан хотын Хэнгэ суман дахь "Alpensia" цанын баазад бэлтгэлээ хийж байна. Монголын цаначдаас өвлийн спортын түүхэнд анх удаа уулын цанаар эрхээ авсан М.Манлайжав, Х.Халиун нар дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлагад дор бэлтгэлээ олимпын тамирчдын хамт нэгдэн хийж байгаа билээ.
Харин олимп, дэлхийн аварга А.Поповын удирдлага дор Герман улсад бэлтгэлээ хийж буй биатлоны залуучуудын шигшээ багийн зургаан тамирчин маргааш БНСУ-д ирж тамирчдын тосгонд байрлах юм.
"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын наадамд оролцох Монголын багийн тэмцээн нэгдүгээр сарын 20-д биатлоноор эхлэх бол гүйлтийн цанаар хоёрдугаар сарын 1-д өндөрлөнө.


Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, Олимпын хот Каннин)
Холбоотой мэдээ