Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай зөвлөлдөв

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-01-18 08:24:32

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан шинээр 16 журам батлахаар тусгасан. Энэ хүрээнд шинээр боловсруулсан есөн журмын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр НИТХ-ын зөвлөлийн өргөтгөсөн хуралд танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын хүн ам өсөж, нягтаршил нэмэгдэж буйтай холбоотойгоор газар олголт, тээврийн хэрэгслийн дугаар олголт зэрэг тулгамдаж буй асуудлаа нийслэл бие даан шийдэх шаардлага бий болоод байгаа. Иймд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийг батлуулснаар нийслэл бие даан хөгжих, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх эрх зүйн орчин тодорхой хэмжээнд бүрдсэн. Үүнтэй холбогдуулан шинэ журмууд батлагдсанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах богино, дунд, урт хугацааны арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжтой болно. Улаанбаатар хот тулгамдсан асуудлаа төсвийн эх үүсвэрээр дагнан шийдвэрлэхийн сацуу төр, хувийн хэвшлийн түншлэлээр болон гадаад, дотоод бонд гарган томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар шийдэх юм. Цаашид дулаан хангамж, эрчим хүчний найдвартай хэрэглээг хангах зорилгоор хуулийн төслүүд боловсруулна” хэмээлээ.

Дээрх журмын төслүүдийг энэ сарын 25-нд болох НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Холбоотой мэдээ