GANGWON 2024: МОНГОЛЫН УУЛЫН ЦАНАЧДААС АНХДАГЧ АМЖИЛТЫГ ГАРГАСАН Х.ХАЛИУН

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-01-21 02:42:41

Ази тивд анх удаа болж буй залуучуудын IV өвлийн олимпын наадмын нээлт Баасан гаригт болж тив тивээс шалгарсан 80 орны 1900 тамирчин залуусын өрсөлдөөн эхэлсэн ч ялалт, ялагдлын агшинд тэд хамтдаа нэгдэж чадлаа.

2023 онд дэлхийн скаут жембориогийн чуулга уулзалтыг хүлээн авсан ч далайн хар шуурга, хэт халалтын улмаас арга хэмжээ өөрчлөгдөж байсныг бид сайн мэдэх билээ. Тиймээс энэ удаагийн залуучуудын өвлийн олимпын наадам ч амаргүй цаг уурын байдалд эхэллээ. Олимпын эхний өдөр болсон биатлоны тэмцээн уралдаан цасан дунд болсон ч Чех, Итали, Норвеги, Германын залуус шилдэг нь байж медалын тавцанд зогсож чадлаа. Монголын биатлоны залуучуудын шигшээ багийн тамирчид 70-80-р байрт орсон амжилтыг үзүүлэв. Олимпын наадмын онцгой тэмдэглэлт баярын нэг бол төрсөн өдрийн тэмдэглэлт агшин байдаг. Олимпын нээлтийн маргааш буюу нэгдүгээр сарын 20-д Итали, Норвеги, Франц, Япон, Австрали, АНУ, Швед зэрэг орны тамирчдын төрсөн өдөр нь болсон ч Монголын Х.Халиун охины тэмдэглэлт баяр тохилоо. Дэлхийн 1900 тамирчин дундаас эрхээ аван оролцож байгаа тамирчид дундаас 17 нас хүрч буй Х.Халунаа Монголын уулын цанын түүхэнд анхдагч амжилтыг бичсэн юм. Орхон аймгийн Баян-Ондөр суманд төрсөн энэ охин 2021 оноос Уулын буюу Альпийн цанаар хичээллэж эхэлжээ. Монголд болсон хүүхэд, залуучуудын бүхий л тэмцээнд өөрийгөө сорьж, аваргын алтан медалыг авч байсан энэ охин зорилгоо биелүүлж чадсандаа "Аlpensia" олимпын цанын баазаас хэлж байсныг онцлон хүргэж байна.

"Gangwon 2024" олимпын наадмын тосгоноос мэдээлж буй манай сурвалжлагчийн Х.Халиунаагийн ярилцлагыг эргэн мэдээлж байна.
Монголын уулын цанын эмэгтэй тамирчдаас анх удаа Залуучуудын Олимпод уралдах Х.Халиунаатай ярилцсанаа хүргэе.
-Олимпын өмнөх сэтгэгдлээ хуваалцах юу? Яагаад уулын цанын төрлийг сонгох болсон бэ?
-"Пёнчан 2018" өвлийн олимпын наадам болж байсан хотхонд ирээд сэтгэгдэл маш өндөр байна. Миний хувьд маш их бахархалтай үйл явдал болж байна. Энэ бол миний амьдралд хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамжын нэг болж үлдлээ. Бас надад уулын цанын спортыг сонгох болсон сонголтыг өгсөн дүүдээ маш их баярлалаа. Миний дүү энэ спортыг надаас өмнө сонгочихсон байсан. Би дүүгээ тэмцээнд оролцохоор нь дагаж явсаар байгаад дуртай болсон. Уулын цана их эрсдэл ихтэй. Мэдээж маш олон залуучууд сонгож эхэлсэн. Тиймээс амжилт ахиж байгаа.
-Залуучуудын олимпын эрхийн сүүлийн тэмцээн БНХАУ-д болсон. Энэ тэмцээнд хэрхэн оролцсон бэ?
-Манай багшийг П.Энхтүвшин гэдэг. Багш маань анх надад санал тавьсан. Залуучуудын олимпын эрхийн тэмцээн Бээжин хотод болох талаар багш маань хэлээд зоригжуулж эхэлсэн. Би дотоодын тэмцээнд маш сайн оролцдог байсан болохоор өөрийгөө сориод үзье гэж бодсон. Бээжинд болсон тэмцээн их өрсөлдөөнтэй болсон. Олимпын эрхийн сүүлийн тэмцээн байсан болоод ч тэрүү тив тивийн шилдэг тамирчид ирсэн байсан. Монголоос хоёр тамирчин оролцоод би Олимпын эрхээ авсан байгаа.
-Залуучуудын олимпын эрх баталгаажсан мэдээллийг хэрхэн мэдэж байсан бэ? Энэ талаар сэтгэгдлээ хэлэхгүй юу?
-Бээжин хотод олимпын эрхийн тэмцээн 2023 оны арваннэгдүгээр сард болсон. Тэмцээний дараа олон улсад гарсан чансаагаар надад эрх олгогдсон юм билээ. Багш маань боломж байгаа гэдгийг хэлдэг байсан. Тухайн үед олимпын эрх авсаныг гүйлтийн цанаар хоёр удаа Олимпод уралдаж байсан Очирсүрэн эгч хэлж өгсөн. "Олимпод орохоор болсон байна. Баяр хүргэе" гэж хэлэхийг сонсох мэдрэмж үнэхээр гоё байлаа. Одоо бүх зүйл ард хоцорсон болохоор хөтөлбөртөө амжилттай хамрагдаад олимпод маш сайн уралдахыг хичээж байна. Намайг энэ спортыг сонгох боломжийг олгосон дүүдээ маш их баярлаж байна. Бас багш маань үнэтэй зөвөлгөө өгч Олимпын эрхийн тэмцээнд оролцох боломжийг олгосонд талархаж байгаагаа хэлмээр байна.
-Олимп болоход цөөн хоног үлдлээ. Бас түүхэн амжилт гаргаж, Олимпын багт багтсанд баяр хүргэе.
-Баярлалаа. Олимпын өмнөх олон орны залуучуудыг багтаасан "Dream" хөтөлбөрт хамрагдах болсонд маш их баяртай байгаа. 2018 оны Олимп болж байсан хотхоны нэгхэн хэсэгт саатахад үнэхээр гоё юм байна. "Alpensia" олимпын баазад ирсэн эхний өдрөөс бэлтгэлд гарсан. Надад уулын цанаар Олимпод уралдах боломжийг олгосон Монголын цанын холбооны хамт олондоо баярлалаа. Намайг дэмжиж байдаг бүгдэд баярлалаа. Багшдаа болон дүүдээ талархаж байгаагаа дахин хэлмээр байна.


Манай тамирчид "GANGWON 2024" Олимпод уулын цанын жиант слалом болон слаломд дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор high1resort бэлтгэлээ хангаж уралдахад бэлэн болжээ. Монголын уулын цаначдын Олимпын тэмцээн нэгдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд болно.
Монголын уулын цаначид анх удаа олимпын наадамд эрх аван уралдах түүхэн амжилтыг бичээд байгаа билээ. М.Манлайжав 18, Х.Халиун 17 насандаа залуучуудын олимпын замд гарна.
Дашрамд, "GANGWON 2024" Залуучуудын IV өвлийн олимпын наадам БНСУ-ын Ганвон мужийн дөрвөн хотод 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-нд болох юм. Монголын багийн тэмцээн "Alpensia" биатлоны талбайд эхэлсэн бол маргааш high1resort -д уралдаантай.
Onlinetvmn.com сайтын сурвалжлагч олимпын тосгоноос мэдээллийг цаг алдалгүй хүргэж байна. Олимпыг дэмжигч "Эрдэнэс ОЮУТОЛГОЙ.
Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, "Alpensia" олимп хотхон)
Холбоотой мэдээ