GANGWON 2024: Монголын биатлоны баг тамирчид дахин өрсөлдөнө

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-01-22 06:34:49

 

GANGWON 2024: МОНГОЛЫН БИАТЛОНЫ БАГ ДАХИН УРАЛДААНТАЙ

 Ази тивд анх удаа болж буй "Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын IV наадмын тэмцээн уралдаан гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. 80 орны 1900 залуус долоон спортын 15 төрөлд шилдгүүдээ тодруулж эхэлсэн ба Франц, Италын баг тамирчид тус бүр дөрвөн алтан медальтайгаар тэргүүлж эхэллээ. Өвлийн спортын сонирхолтой төрлийн нэг болох уулын цанаар шилдэг амжилтыг үзүүлж байгаа БНХАУ-ын баг тамирчид гурван алтан медальтайгаар жагсаалтын гуравдугаар байрт бичигдэж эхэллээ. Герман, Словак, Казахтаны баг 1-2 алтан медальтайгаар 4-6-р байрыг хуваан эзэлж байна. Олимпын наадмыг зохион байгуулж буй БНСУ-ын баг нэг алт, хүрэл медальтайгаар жагсаалтын долдугаар байрт байна. Эхний хоёр өдрийн дараах байдлаар 20 орон ямар нэгэн медаль авсанаас Ази тивээс БНХАУ, БНСУ, Казахстан, Японы баг медаль авсан орны жагсаалтад бичигдэж эхэллээ.


БИАТЛОНЫ БАГ ДАХИН УРАЛДААНТАЙ

Олимпын наадмын эхний өдөр буюу нэгдүгээр сарын 20-д болсон биатлоны хувийн уралдаанд Монголын багийн зургаан тамирчин уралдаж 70-80-р байранд орлоо. Эхний уралдаанд охид 10 км, хөвгүүд 12.5 км зайн уралдааныг хийсэн юм. Европод бэлтгэл сургуулилтаа хийж олимпын наадамд ирсэн залуучуудын баг нэгдүгээр сарын 23, 24-д уралдаанаа хийж энэ удаагийн наадмыг дуусгана. 

Биатлоны хувийн уралдаанд Франц, Герман, Норвеги, Словак, Чех, Итали зэрэг орны тамирчид медальт байранд орлоо. 

Сүүлийн жилүүдэд олимп, дэлхийн аварга А.Поповыг эгнээндээ багтаасан биатлоны баг эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчинтай залуучуудын олимпод ирсэн билээ. 

"Gangwon 2024" олимпын багийн дасгалжуулагчаар буудлагын спортын ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ, гүйлт хариуцсан дасгалжуулагчаар спортын мастер Б.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна.

Олимпын багт хөвгүүдээс Б.Сүхбат, Б.Тэмүүжин, Т.Амарсанаа, охидоос Х.Эрдэнэтунгалаг, О.Оюуцолмон, Д.Нямсүрэн нар багтсан ба Пёнчан хотын Хэнгэ суман дахь "Alpensia" биатлоны талбайд бэлтгэлээ хийж, энэ удаагийн наадмын сүүлийн уралдаандаа бэлтгэж байна. 

УУЛЫН ЦАНАЧИД МАРГААШ УРАЛДААНТАЙ 

Монголын уулын цаначид анх удаа олимпын наадамд эрх аван уралдах түүхэн амжилтыг бичээд байгаа билээ. Уулын цанын жиант слалом болон слаломд Мянганбаатарын Манлайжав, Хүдэрчулууны Халиун нар дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор high1 олимпын баазад бэлтгэлээ хийж байна. Залуучуудын олимпын наадамд анх удаа оролцож буй уулын цаначдын уралдаан маргааш эхэлнэ. 

Монголын уулын цаначдын хувьд энэ удаагийн наадамд содон түүхийн гэрч боллоо. 

Сахарын өвчнөө ялан дийлж эрсдэл ихтэй уулын цанын төрлийг сонгосон М.Манлайжав Монголын багийн тугчаар сонгогдсон билээ. Мөн түүний хувьд олимпын нээлтийн үеэр Олимпын тугийг тив тивээс сонгогдсон залуусын хамт залсан юм. Олимпын таван цагариг бүхий далбааг Өмнөд Африк, Серби, Египет, Коста-Рика, Аргентин, Монголын залуус хамтран барьж "Olympic Oval" мөсөн ордонд орж ирснийг бид бүхэн харсан. М.Манлайжавын хувьд 18 насандаа онцгой содон түүхийг олимпын нээлтэнд гаргаж, тив тивийн залуусын төлөөлөл болж чадлаа. 

Мөн олимпын наадмын үеэр төрсөн өдөр нь тохиож буй олон тамирчин бий. Тэдний нэг нь 17 нас хүрсэн Х.Халиун юм. Олимпын наадмын нээлтийн маргааш буюу нэгдүгээр сарын 21-д тэмдэглэлт баяраа тив тивийн залуусын хамт хийсэн түүний хувьд бас нэгэн мартагдашгүй дурсамжыг олимпын тосгонд бичлээ. 

ГҮЙЛТИЙН ЦАНАЧДЫН УРАЛДААН НЭГДҮГЭЭР САРЫН 29-Д ЭХЭЛНЭ

Монголын цанын холбооны шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгаар удирдуулсан залуучуудын шигшээ баг Пёнчан хотын Хэнгэ суман дахь "Alpensia" олимпын замд бэлтгэлээ хийж байна. Манай залуучуудын багийн эхний тэмцээн нэгдүгээр сарын 29-д эхэлнэ. 

Энэ удаагийн олимпын наадмын багт хөвгүүдээс ОУХМ Т.Өсөх-Ирээдүй, ОУХМ А.Хүслэн, охидоос Ж.Уянгаа, Н.Нандинцэцэг нар багтсан билээ. 

Монголын гүйлтийн цанын тамирчдын тэмцээн нэгдүгээр сарын 29, 30, хоёрдугаар сарын 1-д "Alpensia" биатлоны талбайд болно.

Олимпын мэдээллийг олимпын хотхоноос Onlinetvmn.com-н тусгай сурвалжлагч мэдээлж байна. Олимпын мэдээллийг дэмжигч "Эрдэнэс Оюутолгой"

Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, "Alpensia" биатлоны талбай)

 

Холбоотой мэдээ