ЗГ: Амиа алдсан албан хаагчдын ар гэрт 3 өрөө орон сууц олгоно
Улс ТөрЗасгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2024.01.25/ албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Онцгой байдлын албаны гурван албан хаагчдын ар гэрт “Буянт-Ухаа” хороололд тус бүр гурван өрөө орон сууц олгохоор шийдвэрлэжээ. Мөн бусад хохирлыг арилгахад шаардлагатай нөхөн төлбөрийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн амь насны даатгалаар тус бүр 50 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзвар орчимд нэгдүгээр сарын 24-нд “Дашваанжил” компанийн 60 тоннын даацтай автомашин газ ачиж явах үеэрээ дэлбэрснээс том осол болж, энэ үеэр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Ш.Амгаланбаяр, ахлагч Д.Барсүрэн, ахлагч Э.Түвшинтөр нар амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон юм.
Засгийн газрын хуралдаанаар хохирлыг барагдуулах төсвийн талаар хэлэлцэнэ
Өнөөдөр /2024.01.25/-нд Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг Засгийн газрын хуралдаан энэ удаа пүрэв гаригт болж байгаа нь Засгийн газрын зарим сайдууд гадаад болон дотоод томилолттой байсантай холбоотой. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр болсон ослын улмаас гал түймрийн аюулд өртсөн айл өрх, иргэдийг байршуулах орон сууц, хохирлыг барагдуулахад шаардлагатай төсөв санхүүгийн асуудлыг нэн яаралтай хэлэлцүүлнэ гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн юм. Дахин сануулахад, осолд өртөж амиа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд тусламж үзүүлэх үүргийг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянд үүрэг болгосон бол ослоос болж үүссэн хохирлын хэмжээг тогтоож яаралтай арга хэмжээ авахыг Засаг даргын орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсэгт даалгаад байгаа юм.