Gangwon 2024: ГҮЙЛТИЙН ТЭШҮҮРЭЭР НИДЕРЛАНД, ГЕРМАНЫ ЗАЛУУС ОЛИМПЫН АВАРГА БОЛОВ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-01-27 00:55:52


Ази тивд анх удаа болж буй залуучуудын өвлийн олимпын III наадмын аваргууд тодорсоор байна. Өнөөдөр "Gangwon 2024" наадмын нээлт болсон "Gangneung oval"-д гүйлтийн тэшүүрийн тэмцээн өндөрлөлөө.

Масс старт буюу бөөн гараатай уралдааны эрэгтэй ангилалд Нидерландын Далёман, эмэгтэйд Германы Соннeкалб нар түрүүлж залуучуудын олимпын аварга боллоо. Энэ төрөлд Нидерланд, БНХАУ, Швейцарын тэшүүрчид мөнгө, хүрэл медалыг хүртлээ. Олимпын наадмыг зохион байгуулж буй БНСУ-ын тэшүүрчид 7-8-р байрыг эзэлжээ. Бөөн гараатай энэ уралдааны урьдчилсан шатанд 35 тамирчин уралдахад 15 нь финалд шалгарсан юм. 400 метрийн тойргийг 10 удаа тойрох энэ уралдаан "Пёнчан 2018" өвлийн олимпын наадмын хөтөлбөрт анх удаа орж ирсэн билээ. 


"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын наадмын гүйлтийн тэшүүрийн төрөлд Нидерландын шигшээ баг 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Гeрман 3 алт, БНХАУ 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл, Швeйцарь 1 мөнгө, 1 хүрэл, Япон 2 хүрэл медаль авсан байна. Олимпын наадмыг зохион байгуулж буй БНСУ-ын баг 2 мөнгө, 1 хүрэлтэйгээр тэшүүрийн тэмцээнийг өндөрлүүллээ.


"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын наадмын найм дахь өдөр буюу маргааш уран гулгалтын тэмцээн эхэлнэ. 


Олимпын мэдээллийг Onlinetvmn.com-н тусгай сурвалжлагч олимпын тосгоноос мэдээлж байна. 

Мэдээллийн ивээн тэтгэгч "Эрдэнэс Оюутолгой". 


Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, Каннин хот) 

Холбоотой мэдээ