Gangwon 2024: МОНГОЛЫН ГҮЙЛТИЙН ЦАНЫН ТАМИРЧДЫН ХУВААРЬ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-01-28 01:26:06

Ази тивд анх удаа болж буй залуучуудын өвлийн олимпын IV наадам өндөрлөхөд цөөн хоног үлдлээ. БНСУ-ын Кангвон мужийн дөрвөн хотод болж буй олимпын наадмын уран гулгалтын тэмцээн өчигдөр Каннин хотын Олимпын паркын мөсний ордонд эхэлсэн. Мөн хоккейн хэсгийн сүүлийн тоглолтууд Каннин хотын хоккейн ордонд болж байна. 



Монголын багийн гүйлтийн цанын тамирчдын тэмцээн маргааш(01.29) Пёнчан хотын Хэнгэ суман дахь "Alpensia" олимпын биатлоны замд эхлэх юм.



Монголын цанын холбооны дэргэдэх шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор дөрвөн тамирчин "Gangwon 2024" олимпын наадамд уралдахаар бэлтгэлээ хангажээ. 17-18 насандаа олимпын замд уралдах цаначид 2023 оны арваннэгдүгээр сард эрхээ авснаар бэлтгэлээ хангасан юм. 


"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын IV наадамд оролцож буй гүйлтийн цанын багт эрэгтэйчүүдээс ОУХМ Төрбатын Өсөх-Ирээдүй, ОУХМ Ариунжаргалын Хүслэн, эмэгтэйчүүдээс Жамьянжавын Уянгаа, Наранбатын Нандинцэцэг нар багтсан юм. Манай хөвгүүд 17 насандаа, охид 16 насандаа залуучуудын олимпын эрхийг болзлыг хангаж одоо тив тивээс шалгарсан шилдгүүдтэй уралдахад бэлэн болжээ. 


"Gangwon 2024" наадмын гүйлтийн цанын төрөлд эрчүүд 7.5 км,  охид 7.5 км-т уралдах ба манай тамирчид холимог багийн буухиа (4 км х 5 км) уралдаанд мөн өрсөлдөх юм.


УРАЛДААНЫ ХУВААРЬ


Нэгдүгээр сарын 29: 


- 10:30-11:45 - эрэгтэй, эмэгтэй спринт (ойрын) зайн уралдаанаар эхэлнэ.

- 12:30-14:10 - мeдалын төлөөх шигшээ уралдаанууд болж, спринтын олимпын аваргууд тодорно. Энэ уралдаанд тамирчид тэших техникээр уралдана.


Нэгдүгээр сарын 30: 


- 10:30-12:00 - эмэгтэй 7.5 км 

- 13:00 -14:30 - эрэгтэй 7.5 км


Хоёрдугаар сарын 1:


- 10:30-12:30 - багийн уралдаан (холимог)


"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын наадмын мэдээллийг олимпын тосгоноос хүргэж байна. Олимпын мэдээллийг Onlinetvmn.com сайтаас аваарай. Олимпыг дэмжигч "Эрдэнэс Оюутолгой"


Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, "Alpensia" олимпын бааз)

#SportNews #스포츠뉴스 #강원동계청소년올림픽대회 #Gangwon2024 #Солонгост #강원2024 #гүйлтийнцана #crosscountryskiing #크로스컨트리스키

Холбоотой мэдээ