Монголын цаначдын уралдаан ойрын зайгаар эхэлнэ
НийгэмАзи тивд анх удаа болж буй залуучуудын өвлийн олимпын IV наадмын Гүйлтийн цанын тэмцээн өнөөдөр Пёнчан хотын Хэнгэ суман дахь 'Alpensia" биатлоны талбайд эхэлнэ. БНСУ-ын дөрвөн хотод болж буй "Gangwon 2024" олимпын наадам өндөрлөхөд дөрвөн өдрийн тэмцээн уралдаан үлдлээ.
Монголын багийн гол найдвар болсон гүйлтийн цанын тэмцээн өнөөдөр эхлэх ба 46 орны эрэгтэй 80, эмэгтэй 80 тамирчин уралдааны замд гарахад бэлэн болжээ.
Франц, Финланд, Герман, Итали, БНСУ, АНУ-аас бүтэн багаараа буюу эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан тамирчин оролцож байгаа бол Австрали, Австри, Бразил, Канад, Чех, Эстон, Грек, Казахстан, Словени, Швед, Швейцарь, Монгол зэрэг 14 орон дөрвөн тамирчинтай ирсэн байна. Энэ удаагийн олимпын наадмын гүйлтийн цанаар 40 гаруй орны Үндэсний олимпын хорооны тамирчид эрхийн болзол хангажээ.
Монголын цанын шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор дөрвөн тамирчин "Gangwon 2024" олимпын наадамд уралдахад бэлэн болсон байна.
"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын IV наадмын гүйлтийн цанын багт эрэгтэйчүүдээс ОУХМ Т.Өсөх-Ирээдүй, ОУХМ А.Хүслэн, эмэгтэйчүүдээс Ж.Уянгаа, Н.Нандинцэцэг нар багтсан юм. Манай хөвгүүд 18 насандаа, охид 17 насандаа залуучуудын олимпод уралдана.
Өнөөдрийн уралдаан орон нутгийн цагаар 10:30 цагт эхэлж, 15:00 цагт олимпын медальтнууд тодорч эхэлнэ. Гүйлтийн цанын эхний уралдаан болох спринт нь хасагдах журмаар явагдах ба 32, 16, шөвгийн найм, хагас шигшээ байдлаар аваргыг тодруулна.
УРАЛДААНЫ ХУВААРЬ:
Нэгдүгээр сарын 29:
- 10:30-11:45 - эрэгтэй, эмэгтэй спринт (ойрын) зайн уралдаанаар эхэлнэ.
- 12:30-14:10 - мeдалын төлөөх шигшээ уралдаанууд болж, спринтын олимпын аваргууд тодорно. Энэ уралдаанд тамирчид тэших техникээр уралдана.
Нэгдүгээр сарын 30:
- 10:30-12:00 - эмэгтэй 7.5 км
- 13:00 -14:30 - эрэгтэй 7.5 км
Хоёрдугаар сарын 1:
- 10:30-12:30 - багийн уралдаан
Олимпын мэдээллийг тусгай сурвалжлагч Ч.Болорчулуун хүргэж байна.Олимпыг дэмжигч "Эрдэнэс Оюутолгой"