Ази тивийн охид олимпын мeдальтнууд болов

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-01-31 03:36:10

БНСУ-ын Канвон мужийн дөрвөн хотод болж буй залуучуудын өвлийн олимпын IV наадам маргааш хаалтаа хийнэ. 

"Gangwon 2024" олимпын наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэр өчигдөр Каннин хотын мөсний ордонд болж, Японы Шимада Мао аваргын алтан медалын эзэн боллоо. 15 настай Мао богино болон чөлөөт үзүүлбэрийн аль алинд нь хамгийн шилдэг нь байж 196.99 оноогоор залуучуудын олимпын аварга болсон юм. БНСУ-ын уран гулгагч Шин Жи А 191.83 оноогоор мөнгөн мeдалыг хүртлээ. Олимпын наадмын хүрэл мeдалын төлөөх өрсөлдөөн Япон, АНУ, Финланд, Гүрж, БНХАУ, БНСУ-ын уран гулгагчдын хооронд өрнөсөн. Богино үзүүлбэрийн дараа тавдугаар байрт бичигдэж байсан Японы Такаги Ёо чөлөөт үзүүлбэрт гүйцэтгэлээ сайн хийж чадсанаар 183.20 оноогоор мeдалын тавцанд зогсож чадсан юм. Уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрөлд 18 тамирчин оролцсоноос Ази тивийн 15-16 настай охид олимпын медальтнууд боллоо. 

Каннин хотын мөсний ордонд болж буй уран гулгалтын тэмцээн маргааш багийн төрлөөр болсноор өндөрлөх юм. 

"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын IV наадмын уран гулгалтын тэмцээн спорт, бүжгийн хос болон эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд аваргуудаа тодрууллаа. БНСУ нэг алт, нэг мөнгөн мeдаль авсан амжилтаар тэргүүлж байгаа бол Япон нэг алт, нэг хүрэл, Канад, Франц тус бүр нэг алтан мeдаль аваад байна. Харин АНУ хоёр мөнгө, Словак нэг мөнгөн медальтай бол Их Британи, Шинэ Зиланд, Испанийн багаас нэг хүрэл медальтайгаар олимпын наадмын үргэлжлүүлж байна. Залуучуудын олимпын наадмын уран гулгалтын тэмцээн маргааш багийн өрсөлдөөнөөр өндөрлөнө. 


Олимпын мэдээллийг Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, Каннин, Олимпын мөсний ордон)

 

Олимпыг дэмжигч #Эрдэнэс Оюутолгой". 

 

Холбоотой мэдээ