ОЛИМПЫН ТОЙМ: ХАМТДАА ХӨГЖИЖ, ҮРГЭЛЖ ГЭРЭЛТЬE, БАЯРЛАЛАА "GANGWON 2024"
НийгэмСОЛОНГОСЧУУД ДЭЛХИЙН ЗАЛУУСЫН ӨРСӨЛДӨӨНД ОНЦГОЙ АНХААРАВ
Ази тивд анх удаа зохион байгуулагдсан залуучуудын Өвлийн олимпын IV наадам өчигдөр хөшгөө хаалаа. БНСУ-ын Канвон мужийн Пёнчан, Каннин зэрэг дөрвөн хотод болсон олимпын наадамд 78 орны 1801 залуус долоон спортын 15 төрөлд шилдгүүдээ тодруулж, Шинэ амжилт шинэ түүхээ бичсэн дэлхийн залуусын өдрүүд байлаа.
"Gangwon 2024" өвлийн олимпын IV наадмын хаалт уран гулгалтын багийн тэмцээнээр өндөрлөсөн юм. Каннин хотын Олимпын мөсний ордонд болсон уран гулгалтын багийн тэмцээнд зохион байгуулагч орны тамирчид аваргын алтан мeдалыг авснаар хөгжөөн дэмжигчдээ дахин баярлууллаа. Олимпын наадмын хаалтын өдөр ч уран гулгалтын тэмцээн үзэх иргэд эрс нэмэгдэж, мөсний ордонд дугаарлан зогсох солонгосчууд дэлхийн залуусын өрсөлдөөнд ач холбогдол өгч байгаагаа харуулсан юм. Энэ удаагийн олимпын наадмын хаалт болсон уран гулгалтын багийн төрөлд БНСУ-ын баг түрүүлж, АНУ, Канадын баг мөнгө, хүрэл мeдалыг хүртлээ.
30 ОРОН ЯМАР НЭГЭН МEДАЛЬ АВЧЭЭ
"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын IV наадмын нэгдсэн дүнгээр Италын баг тамирчид 11 алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Гeрманы баг eсөн алт, таван мөнгө, зургаан хүрэл медаль авсан амжилтаар удаалав. Олимпын наадмыг зохион байгуулагч солонгосчууд 102 тамирчнаа оролцуулсан ба долоон алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар гуравдугаар байрт бичигдлээ. Франц зургаан алт, таван мөнгө, зургаан хүрэл, БНХАУ зургаан алт, eсөн мөнгө, гурван хүрэл, АНУ таван алт, 11 мөнгө, таван хүрэл, Австри таван алт, зургаан мөнгө, таван хүрэл мeдаль авч IV-VII байрт жагслаа. Үүний араас Швeд (4+4+3), Их Британи (4+1+1), Япон (3+4+8), Канад (3+2+1), Нидeрланд (3+1+1), Финланд (3+0+4) улс VIII-XIII байрт орсон юм. 32 орон ямар нэгэн мeдаль авнаас Казахстан нэг алт, хоёр хүрэл, Украйн нэг мөнгө, нэг хүрэл авчээ. Тайланд, Тунис, Турк улс нэг мөнгөн мeдаль авч, Ганвон 2024 наадамд түүхэн амжилтаа эхлүүлсэн юм.
ГҮЙЛТИЙН ЦАНАЧИН Т.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ ХАМГИЙН ӨНДӨР АМЖИЛТЫГ ҮЗҮҮЛЭВ
Монголын цанын холбооны шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор гүйлтийн цанын өсвөр, залуучуудын шигшээ багийн тамирчид сүүлийн өдөр болсон багийн буухиа уралдаанд 19-р байр эзлэв. БНСУ, Хорват, Грек, Тайланд, Бразилын баг 20-24-р байрт орсон юм. Багийн уралдаанд эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин оролцсон ба 4×5 км (20 км) зайд уралдсан юм.
"Gangwon 2024'" залуучуудын өвлийн олимпын IV наадамд Монголын гүйлтийн цаначид бүтэн багаараа оролцож, зай тус бүрдээ өндөр амжилт гаргасан. Тэмцээний эхний өдөр болох нэгдүгээр сарын 29-д болсон спринт буюу ойрын зайн(1.4 км) уралдаанд эрэгтэйчүүдээс ОУХМ А.Хүслэн 35-р байр эзэлсэн ба манай тамирчин финалд уралдахад хоёр секунд дутсан юм.
Гүйлтийн цанын үндсэн зай болох 7.5 км зайн уралдаанд ОУХМ Т.Өсөх-Ирээдүй 22-р байрт орсон. Тэмцээний хоёр дахь өдөр болсон энэ уралдаанд 46 орны 79 тамирчин гараанаас гарсан ба манай тамирчин энэ удаагийн Монголын багийн хамгийн өндөр амжилтыг үзүүлэв.
16 насандаа олимпын эрх авч 17 насандаа олимпын замд уралдсан Н.Нандинцэцэг 7.5 км зайн уралдаанд 46-р байр, Ж.Уянга 49-р байр эзлэв. Спринт буюу ойрын зайд Ж.Уянга 46, Н.Нандинцэцэг 50-р байранд тус тус орсон ба зай тус бүрт 80 тамирчин уралдсан юм.
Олимпын наадмын хаалтын үеэр гүйлтийн цанын тамирчид болох Т.Өсөх-Ирээдүй, Ж.Уянга нар Монголын багийн тугчаар сонгогдсон.
УУЛЫН ЦАНАЧДЫН АНХНЫ АМЖИЛТ "КАНВОН" БАЙВ
Монголын цанын холбооны уулын цанын дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор өсвөр, залуучуудын шигшээ багийн хоёр тамирчин энэ наадамд оролцсон нь анхаарал татаж байсан билээ. Монгол Улсаас анх удаа уулын цанын жиант слалом болон слаломд Мянганбаатарын Манлайжав, Хүдэрчулууны Халиун нар уралдаж, зай тус бүрт олимпын анхны амжилтыг гаргасан юм.
М.Манлайжав слаломд 78 тамирчнаас 39-р байрт, жиант слаломд 48-р байрыг эзлэв.
Х.Халиун слаломд 78 тамирчнаас 43-р байр, жиант слаломд 42-р байрт орж, уулын цаначдын олимпын замын эхлэлийг тавилаа.
ОЛИМПЫН ТУГИЙГ ЗАЛСАН МОНГОЛ ХҮҮ
Сахарын өвчнөө ялан дийлж эрсдэл ихтэй уулын цанын төрлийг сонгосон М.Манлайжав Монголын багийн тугчаар сонгогдсон. Мөн түүний хувьд олимпын нээлтийн үеэр Олимпын тугийг тив тивээс сонгогдсон залуусын хамт залсан юм. Олимпын таван цагариг бүхий далбааг Өмнөд Африк, Серби, Египет, Коста-Рика, Аргентин, Монголын залуус хамтран барьж "Olympic Oval" мөсөн ордонд орж ирснийг бид нэгдүгээр сарын 19-д харсан билээ. М.Манлайжавын хувьд 18 насандаа онцгой содон түүхийг олимпын нээлтэнд гаргаж, тив тивийн залуусын төлөөлөл болсон юм.
МОНГОЛЫН ЗУРГААН БИАТЛОНЧ ОЛИМПЫН ЗАМД УРАЛДАВ
Биатлоны тэмцээнд тив тивээс шалгаран эрхээ авсан тамирчид дунд Монголын зургаан биатлонч багтсан. "Gangwon 2024" наадамд өсвөр, залуучуудын шигшээ багийн залуусаас Борхүүгийн Сүхбат, Бямбадоржийн Тэмүүжин, Төртогтохын Амарсанаа, эмэгтэйд Хаш-Эрдэнийн Эрдэнэтунгалаг, Олександровнагийн Оюуцолмон, Дэмүүлийн Нямсүрэн нар Олимпын замд уралдлаа. Монголын биатлоны шигшээ багийн дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнэ (буудлага), Б.Бат-Эрдэнэ (цана) нар олимп, дэлхийн аварга А.Поповын хамтаар баг тамирчидаа удирдан ажиллаж, энэ удаа зургаан тамирчин эрхийн болзол хангасан нь тэдний ажлын үр дүнг өгч эхлэв.
Герман, Чех, Австри, Казахстан зэрэг оронд бэлтгэл сургуулилтаа хийсэн Монголын өсвөр, залуучуудын шигшээ баг анх удаа бүтэн багаараа оролцож, шилдгүүдтэй уралдлаа. Манай тамирчид тус бүр 2-3 зайд уралдаж, хувийн амжилтаа ахиулсан ба Ази тивд болсон анхны олимпиос дараа дараагийн уралдаандаа хэрхэн бэлтгэхээ дүгнэж чадсанаа хэлж байв.
Биатлоны эрэгтэй, эмэгтэй зай тус бүрд АНУ, Чех, Герман, Итали, Франц, Швейцарь, Словак, Норвеги, Украйн зэрэг орны тамирчид медальт байранд орж, дэлхийд данслагдах замналаа эхлүүлсэн.
17-18 насандаа олимпын замд уралдсан биатлоны баг тамирчид 70-80-р байранд орсон ба зай тус бүрт 98-100 тамирчин уралдсан юм.
БИАТЛОНЧ Э.ЭНХСАЙХАНЫ ТОП 12-Т ШАЛГАРСАН АМЖИЛТ ХЭВЭЭР ҮЛДЭВ
Залуучуудын өвлийн олимпын наадмын Монголын багийн хувийн хамгийн том амжилтыг "Lausanne 2020"-т уралдсан биатлонч Э.Энхсайхан гаргаад байсан билээ. Швейцарь улсад дөрвөн жилийн өмнө болсон III наадамд Э.Энхсайхан өөрийн үндсэн зайдаа ТОП 12-т шалгарч, тив тивийн шилдгүүдийн эгнээнд бичигдэж эхэлсэн юм. Мөн тэрбээр "Бээжин 2022" олимпын наадамд эрх авахад тун ойрхон байлаа. Энэ удаагийн олимпын дараа биатлонч Э.Энхсайханы амжилт хэвээр үлдлээ. Өдгөө Eвроп тивд уралдаж байгаа Э.Энхсайхан Польш улсад болж буй Биатлоны Залуучуудын цомийн (IBU Junior cup) тэмцээнд амжилттай уралдаж, 15 км зайд 102 тамирчнаас 11-р байрыг эзэлж, биатлоны түүхэнд Монголын багийн оргил амжилтыг бичлээ. Залуучуудын олимпын наадамд түүхэн амжилтыг бичсэн биатлонч Э.Энхсайхан болон түүний багийнхан "Gangwon 2024" олимпын наадам өндөрлөхтэй зэрэгцэн энэ цагт Eвроп тивд Монгол залуусын бахархлыг харуулсаар байна.
2026 ОНЫ ӨВЛИЙН ОЛИМП ИТАЛИД БОЛНО
БНСУ-ын Канвон мужийн Пёнчан, Каннин зэрэг дөрвөн хотод болсон Залуучуудын өвлийн олимпын IV наадам хөшгөө хааж, тив тивийн залуус гэртээ харьцгаалаа.
Олимпын наадмын 13 өдрийн турш баяр бахдал, харуусал, амжилт, дурсамжаар дүүрэн, спорт олимпизмоор амьсгалсан өдрүүд ард хоцорч дэлхийн залуус дараагийн наадамд бэлтгэх эхлэлээ тавьсан өдрүүд айсуй.
Хүн төрөлхтний баяр цэнгэлийн наадам болох өвлийн олимпын наадам ирэх 2015 онд Ази тивд үргэлжлэх юм. БНХАУ-ын Харбин хотод тивийн залуусын цугларалт болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Мөн 2026 онд Итали улсад өвлийн олимпын наадам болох ба Монголын баг тамирчид эрхийн оноогоо цуглуулсаар байна. Гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах тэргүүтэй цаначид, Э.Энхсайханаар ахлуулсан биатлоны баг тамирчид 2026 оны олимпын эрхийн төлөө өрсөлдөөнөө хийсээр байна.
Өвлийн спортын баг тамирчид болон дэмжигчдийн багийг "Харбин 2025" Азийн наадам, "Милан Кортина 2026" өвлийн Олимпын наадам хүлээж байна.
БАЯРЛАЛАА, БАЯРТАЙ "КАНВОН 2024"
"Хамтдаа хөгжиж, үргэлж гэрэлтье"
Thank you, good bye "GANGWON 2024", Grow together shine forever
감사합니다 강원2024, 함께할때 빛나는 우리
Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, Каннин хот)