Э.Энхсайхан Eвропын АШТ-д түрүүлж, түүхэн амжилт гаргалаа

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-02-08 23:49:36

Өвлийн спортын хамгийн сонирхолтой төрлийн нэг болох биатлоны цуврал тэмцээнүүд Eвроп тивийн хотуудад болж байна. Монголын биатлоны үндэсний шигшээ багийн тамирчин Энхбатын Энхсайхан дахин түүхэн амжилтыг бичлээ.
Чех улсын Якушица хотод болж буй Eвроп тивийн залуучуудын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний өнөөдөр болсон эрэгтэйчүүдийн 15 км хувийн гараанд Э.Энхсайхан 44:34,8 цагийн (буудлагад нэг ч алдаагуй) амжилтаар аваргын алтан мeдаль хүртлээ. Финландын Калли, Эстоны Кулбин нар мөнгө, хүрэл медалын эзэд боллоо. 113 тамирчин гараанаас гарснаас Чех, Хорват, Финланд, Польш, Австри, Швейцарь, Казахстаны биатлочид IV-X байрыг эзэлсэн байна.

Олон улсын биатлоны холбоо (IBU)-ий Залуучуудын дэлхийн чансаанд ОУХМ Э.Энхсайхан 14-р байр руу орж ирсэн бол спортын мастер Б.Анхболд 99-р байрт бичигдэж эхэллээ. Харин 40-н улсаас Монгол 984-н оноогоор 17-д эрэмблэгдэж байна.
Монголын биатлоны Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн зенитийн пуужин артиллерийн батарейны хараачин түрүүч ОУХМ Э.Энхсайхан Олон улсын Биатлоны холбооноос зохион байгуулж буй цуврал тэмцээнд амжилттай оролцсоор байгаа билээ. Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө Чехэд болсон цомын аварга шалгаруулах тэмцээнд ТОП 6-д багтсан юм.

Э.Энхсайханы хувьд энэ жил 22 настай ба залуучуудын ангилалд уралдах сүүлийн боломж нь. Тэрбээр залуучуудын ДАШТ-ий өмнө болж буй хамгийн том сорил болох Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр Монголын биатлончдын амжилтыг дахин шинэчиллээ.

Одоогоос 4 жилийн өмнө Швейцарь улсад болсон залуучуудын өвлийн олимпын III наадамд Э.Энхсайхан ТОП 12-р байр эзэлж байсан юм. Энэ нь олимп, дэлхийн аварга, дасгалжуулагч А.Поповыг шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаасны үр дүн билээ. Тодруулбал, 2019 оноос Монголын биатлоны холбоо бүрэлдэхүүндээ гадаад мэргэжилтэнг багтаажээ.
Александр Попов гэх энэ эрхэм өдгөө Ц.Мөнх-Эрдэнэ (буудлага), спортын мастeр Б.Бат-Эрдэнэ (цана) дасгалжуулагчдын хамт шигшээ багаа удирдан ажиллаж байна. Тэд 2019 оноос хойш Австри, Чех, Герман, Казахстан зэрэг улсад бэлтгэл сургуулилтаа хийсээр "Gangwon 2024" залуучуудын олимпын наадамд бүтэн багаараа уралдсан. Тэгвэл Э.Энхсайхан тэргүүтэй залуус Европт болж буй цуврал тэмцээнд тасралтгүй оролцож өнөөдөр дахин түүхэн ялалтыг авлаа.
Чех улсад болж буй Европын залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мэдээллийг эргэн хүргэнэ.
Ч.БОЛОРЧУЛУУН
Холбоотой мэдээ