АН-ын бүлгээс малчдын зээлийг тэглэх асуудлаар тогтоолын төсөл санаачилж, УИХ-ын даргад өргөн барихаар болжээ
НийгэмАрдчилсан намаас зудын гамшигт өртсөн малчдадаа туслахаар “Амь нэгтэй Монголчууд” аяныг зарлаж байгаа талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нар мэдээлэл хийлээ.
Монголын төр, Засгийн газраас богино, дунд, урт хугацаанд юу хий вэ, сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн чиглэлийн бодлого алдагдсан, байгалийн болоод аливаа эрсдэлд бэлэн биш байдлаас улбаалан түр зуурын аргацаасан бодлого шийдлүүдийг хэрэгжүүлсээр байна. Үүсээд байгаа цаг агаарын нөхцөл байдал иргэд малчдаас авч байгаа шалгалт биш монголын төрөөс авч байгаа шалгалт болж байнахэмээн АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл онцоллоо.
2000 оны зуднаар Монголчууд Улаанбаатар хот руу чиглэсэн их нүүдэл явсан, 2024 оны зуднаар энэ нүүдэл болоход маш ойрхон байна. Одоо зохицуулж чадахгүй байгаа Улаанбаатар хотын утаа, түгжрэл бүр ч илүү нэмэгдэх магадлалтай байна. Мал аж ахуй эрсдэлд орохоор ард иргэдийн махны хангамж, хүнсний асуудал, сүүний асуудал, хөнгөн үйлдвэрүүд хэрэглэдэг ноос ноолуур, түүхий эдээ хаанаас авах вэ гэдэг маш том асуудал бий болно.
Малчдын гар дээр ямар ч мөнгө алга. Хөдөө малчид үхсэн ганц ямаагаа өгөөд нэг боодол хивэг юм уу өвс төдий л авч байна. Гамшиг, гэнэтийн аюулын үед Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй хамтарч ажиллах шаардлага тулгарч байна. Тодорхой арга хэмжээнүүдийг авч шийдвэрлэе гэдэг байр суурь дээр байна. Монгол Улсын эдийн засгийг аварч үлдэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Тиймд бид тогтоолын төсөл санаачлан УИХ-ын даргад өргөн барих гэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гээд заачихсан байгаа.
Малаа алдсан, малаа үхүүлсэн малчдын сэтгэл санаа, эрүүл мэнд эрсдэлд орлоо. Гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлачихсан байгаа. Малчид эрсдээд байгаа юм биш, Монгол Улс тэр аяараа эрсдэлд ороод байна. Одоо бид нэгдэж гамшгаас гарах, малаа алдсан малчдад төрөөс халамжийн бодлого явуулахаас өөр боломжгүй болно гэж Ц.Туваан гишүүн онцоллоо.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Малчдын нөхцөл байдал хүнд байна. Тиймээс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, Засгийн газарт мөнгө төгрөг шийдэх эрхийг нь өгөх хэрэгтэй. Үхсэн мал босохгүй. Тиймээс хүнээ аврах буюу малчдын зээлийг тэглэх зэрэг арга хэмжээ авах тогтоолын төслийг санаачилж, УИХ-ын даргад өргөн барихаар боллоо" гэсэн юм.