Сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалтын цахим бүртгэл 3-р сарын 1-нээс эхэлнэ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-02-29 03:31:03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн хороонд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг нээлттэй бүртгэсний үндсэн дээр томилон ажиллуулна.

Сонгуулийн ерөнхий хороо нь цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журам”-д заасны дагуу сургалтад хамрагдах төрийн албан хаагчдын бүртгэлийг 3 дугаар сарын 01-ний Даваа гарагаас эхлэн цахимаар зохион байгуулах гэж байна.

Сургалтын бүртгэл, сургалтын болон сорилын материалыг www.gec.gov.mn цахим хуудасны “СОНГУУЛИЙН ХОРОО” цэст байршуулна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тул аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд ажиллах сонголтоор бүртгүүлсэн төрийн албан хаагчдын сургалтыг 3 дугаар сарын 09-12-ны өдрийн хооронд тодорхой хуваарийн дагуу зохион байгуулах юм.

Цахим бүртгэлд хамрагдсан төрийн албан хаагчдад бүртгэлтэй цахим хаягаар нь сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ.


                                                Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо

Холбоотой мэдээ