“Бүтэн Ардчилал” мөрийн хөтөлбөрт санал авах аяны тайлангийн хэлэлцүүлэг боллоо

Фото
tankhil99@onlinetvmn.com
2024-03-21 10:00:31

Хэлэлцүүлгийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр нээж үг хэллээ. 

Тэрээр хэлэхдээ УИХ-ын ээлжит сонгууль болон орон нутгийн өөрөө удирдах ёсны сонгуульт жил учир бид ардчиллаа хамгаалах хариуцлагатай жил тохиож байна гэдгийг онцоллоо. 

Мөн өнгөрсөн хугацаанд бид 7 бүс, 18 аймаг, 15250 км замыг туулж гишүүд, дэмжигчидтэйгээ санал бодлоо солилцлоо. Анхан, дунд шатны гишүүдийнхээ саналыг сонсохоос гадна, 25 мэргэжлийн байгууллага, салбар, салбарын мэргэжлийн төлөөллүүдтэй уулзаж сонгуулийн мөрийн хөтөлбөртөө санал авч ажилласан үр дүнтэй, санал санаачилгуудыг иргэд, гишүүдээ авч ажилласан сар боллоо. 

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Ардчиллаа бүтэн ялуулъя, ардчиллаа бүтэн болгоё гэж бид бүхэн бүтэн ажилласан сарууд байлаа. Энэ удаагийн сонгууль маш өвөрмөц болж байна. Яг бидний сонгож авсан сонгуулийн тогтолцоо нь улс орон даяар бүсчилсэн том тойрог болж байгаагаараа онцлог юм. Том тогтолцоо гэдэг нь хувь хүмүүсийн арга, ажиллагаанаас илүүтэйгээр намын бодлого, шийдлийг агуулж байгаагаараа ач холбогдолтой юм. 

Эрх баригч МАН-ынханд ирээдүй ярих ёс суртахууны эрх байхгүй. Яагаад гэвэл 8 жилийн турш төрийн эрх мэдлийг 80 хувьтайгаар барьсан бүрэн эрхийн хугацаа нь өндөрлөж байна. 

Мөрийн хөтөлбөрийн биелэлтүүд нь 70-80 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэсэн хэдий ч ардчиллаас ухарсан, авлига нь өссөн, ядуурал нь 10 жилийн туршид яг хэвээрээ байна. Ардчилсан нам урагшаа харсан, маргааш руу харсан бодлогыг тодорхойлох болно. Бүтэн ардчиллаа, бүрэн ялалт болгох бүрэн дүүрэн боломж байна гэдэг итгэлтэй байна. 

Санхүү, зохион байгуулалт хариуцсан Нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг "Сонгуулийн кампанит ажлын менежмент" сэдвийн хүрээнд Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж “Сонгуульд ялах стратеги” Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын Аутосоурс, Инновац хариуцсан хэлтсийн дарга Т.Мөнхдэлгэр "Ардчилал 3.0" аппликейшний танилцуулгыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн орон тооны бус зөвлөхүүд, УТЗ-ийн гишүүд, ҮБХ-ны гишүүдийн төлөөлөлд тус тус танилцууллаа.

 

“Бүтэн Ардчилал” бүх гишүүдээс санал авах мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг улс орон даяар зохион байгуулагдаж, нийт 12171 гишүүн оролцож, 4329 саналыг мөрийн хөтөлбөртөө тусгахаар ирүүлээд байна. 

Тус хэлэлцүүлгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн орон тооны бус зөвлөхүүд бүсчилсэн тойрог бүр дээр зохион байгуулан Ардчилсан намын гишүүд, дэмжигчдээсээ 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт санал авч ажиллаа. 

Хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн Н.Ганибал, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, УИХ-ын гишүүн Б.Бейсен, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ардчилсан намын дэд дарга П.Батчимэг, Ардчилсан намын дэд дарга Т.Пүрэвхатан, Ардчилсан намын дэд дарга О.Алтангэрэл, Ардчилсан намын дэд дарга Ц.Жадамбаа, Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал, Ардчилсан намын дэд дарга Ц.Уртнасан, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нарын төлөөлөл, УТЗ-ийн гишүүд, ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл оролцож байна.