Эрүүл мэндийн салбарын 7 цаасан үйлчилгээ цахимд шилжих бэлтгэл ажил хангагдаад байна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-03-26 02:49:59
Тун удахгүй “Эмийн жор”, “Шинжилгээний хариу”, “Дүрс оношилгооны дүгнэлт”, “Хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ”, “Амбулаториор эмчлүүлэгчдийн карт”, “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийг цаас биш цахим болгож, цаг, мөнгө хэмнэх, хүнд суртал, аливаа эрсдэлийг бууруулах боломжийг бүрдүүлнэ гэж салбар сайд Н.Учрал онцоллоо. Цаасан үйлчилгээ цахим систем болж өөрчлөгдөхийн хэрээр эмнэлгийн элдэв чирэгдэл багасна гэж тэрээр хэллээ.


Тэрээр: "Уг ажлыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яам хамтран хувийн хэвшил болон донор байгууллагуудын дэмжлэгтэйгээр 3 сарын хугацаанд бэлтгэж, гараанаас гарахад бэлэн болгоод байна.
Хуулийн түгжрэлийг тайлах, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор 109 хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үр дүнд, мөн эрүүл мэндийн салбарт өдийг хүртэл бий болгосон дэд бүтэц, технологийн боломжийг зөв зохион байгуулсны үр дүнд дээрх боломж бодит болж байна. Эхний ээлжид буюу маргааш “Эмийн жор”-ыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газарт танилцуулна. Монголд эмчийн чадвар дутсан бус эмийн чанарын асуудал тулгамдсан байна. Тиймээс эмийн чанар, хүртээмж, ханган нийлүүлэлт, хяналт, хэрэглээг сайжруулах шаардлагатай. Үүнд эмч нарын болоод мэдээллийн технологийн инженерүүдийн хамтын ажиллагаа чухал" гэлээ.
Иргэдэд тулгамдсан эрүүл мэндийн салбарын эдгээр асуудлыг технологитой хослуулан шийдвэрлэж буй тухай өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн салбарын төрийн албаныханд танилцуулсан юм.
Холбоотой мэдээ