Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлж, тусгай хамгаалалтаас гаргах хуулийн төсөл боловсруулж байна
НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар санал солилцлоо. Уулзалтад оролцсон 700 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл барилгын салбарын хууль эрх зүй, норм, дүрэм, хөрөнгө оруулалт, газар чөлөөлөлт, дэд бүтэц болон өдөр тутмын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаа уламжилсан юм.
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Арцат, Зайсан, Бага тэнгэрийн аманд хууль бусаар газар олгосон, олгосон газрыг барилгын компаниудад зарсан асуудал бий. Энд баригдсан орон сууц, барилга улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Энэ нь өөрөө эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй нөхцөл байдалтай байна. Тиймээс БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлж, тусгай хамгаалалтаас гаргах хуулийн төслийг ирэх хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байна. Мөн Сэлбэ, Баянхошуу дэд төвд 20 мянга орчим айлын орон сууц барина. Уг хоёр байршилд газар чөлөөлж байна. Барилгын компаниудтай уян хатан байдлаар тохиролцоно. Ирэх долоо хоногт уг асуудлаар барилгын компаниудын төлөөлөлтэй дахин уулзалт зохион байгуулна” гэв.