Мөрийн хөтөлбөр боомилсон алсын хараа

Улс Төр
tankhil99@onlinetvmn.com
2024-04-15 02:46:55


АН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БУЦААСНЫ УЧИР Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгууль эрх баригчдын хүсэл сонирхол, эрх ашигт захирагдана гэж амтай болгон ярьж байсан нь эхнээсээ тодорхой болж эхэллээ. Нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний Аудитын Газар хянаад Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр буцаажээ. Өмнөх сонгуулиудаар ч Аудитын газраас тодорхой зөрчлүүдийг арилгаж, засварлахаар буцаадаг л байсан.

Гэвч энэ удаагийнх тун ч хэцүүхэн үндэслэлээр буцаагдсан гэж Ардчилсан намынхан ил тод ярьж, хэвлэлийн хурал ч хийж амжсан. Тэдний ярианаас дүгнэж, буцаагдсан гэх зарим зүйл заалтуудыг нь сонирхоход харамсмаар санагдсан.

Тухайлбал

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн 1.11.1-д "бүх оюутныг сургалтын зээл авах тэгш боломжоор хангана" гэснийг хууль зөрчсөн гэж үзээд буцаасан байх жишээтэй. Ер нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн амин сүнс болсон гол гол зүйл, заалтуудыг тэр аяар нь унагасан тухай эх сурвалж баримттайгаар өгүүлж байна.

Хэрэвзээ Аудитаас ирсэн дүгнэлт, заавраар мөрийн хөтөлбөрөө засварлавал сонгуульд амжилт олох үндэслэлгүй болох гэнэ. Ингэснээрээ нэг бол олигтой хөтөлбөргүй сонгуульд оруулж ялагдуулах, эс бөгөөс бүр сонгуульд оролцуулахгүй ч байж мэдэх томоохон бульхай луйвар байгаа хэмээн хардаж байгаагаа тус намынхан нуухгүй байна. Эрх баригч нам олонхоор түрий барьж Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль батлахдаа Засийн газрын "АЛСЫН ХАРАА-2050" гэгч хөтөлбөрт нийцүүлэхээр хийчихсэн аж. Үүнийг хичнээн шүүмжлээд ч нэмэргүй. Хууль л бол хууль. Хаашдаа батлагдчихсан. Уг нь улс төрийн намууд сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөх ёстой. Гэтэл эрх баригч намын боловсруулсан "АЛСЫН ХАРАА-2050" гээчид захирагдана гэхээр дэндүү эмгэнэлтэй. Энэ балчиг намгаас хэрхэн гарах вэ. Улс орноороо хөгжихгүйгээр хий эргээд хэдэн жил болох уу гэдэг асуулт зүй ёсоор гарна. Ямар ч асуудалд гарц заавал байдаг. Нэгэнт мөрийн хөтөлбөрөөр нь боомилж байвал энэ тухайгаа иргэд, сонгогчдод сайтар ойлгуулаад ялах л хэрэгтэй. Ялсан тохиолдолд Засгийн газрын мөрийн хөтөлбөр боловсруулахдаа улс орны хөгжил, хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх чухал заалтуудаа тусгах. Гэхдээ яаж ялах гэж. Мөрийн хөтөлбөрийг нь эрх баригчдын бодлогын баримт бичигт захируулчихсан. Ёстой л монголчуудын зөн совин, амны хишигт л найддаг байх даа. Юу л болох гээд байна даа...

Б.Ганхуяг

Холбоотой мэдээ