"MONGOLIA HOUSE" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД "ХҮСЛИЙН ДУУДЛАГА" ТББ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-04-18 03:35:47

Монголын үндэсний олимпын хороо болон “Хүслийн дуудлага” ТББ хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулах ёслол Олимпик хауст боллоо. Санамж бичгийг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, “Хүслийн дуудлага” ТББ-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Амар нар үзэглэв.
Ёслолд ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, “Хүслийн дуудлага” ТББ-ийн Ерөнхий менежер М.Есөнмөнх нар оролцож, баг тамирчдаа дэмжих, “Парис 2024” Олимпын наадам, спорт, олимпизмыг сурталчлах чиглэлээр соёл, боловсролын үйл ажиллагаа хамтран өрнүүлэх тухай санал солилцов.
Санамж бичгийн хүрээнд "Хүслийн дуудлага" ТББ нь Олимпын наадмын үеэр Парис хотын “La Villette” паркт үндэсний өв уламжлал, соёл, ёс заншил, “Go Mongolia” брэндийг олон улсад таниулах зорилготой “Mongolia house” төслийн албан ёсны арга хэмжээ зохион байгуулагчаар ажиллах юм.
“Хүслийн дуудлага” ТББ нь 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд монгол өв уламжлал, урлаг соёлыг түгээн дэлгэрүүлэх, орчин үеийн технологид суурьтай уран бүтээлчдийг дэмжих, залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд “Нүүдэлчин” олон улсын фестиваль болон Парис хотноо зохион байгуулагдсан “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээний менежмент, маркетинг сурталчилгааны ажлыг хамтран гүйцэтгэсэн туршлагатай байгууллага юм.
Холбоотой мэдээ