Монгол улс 60 дахь удаагийн венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
НийгэмМонгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй, ноён оргил болсон Венецийн 60 дахь удаагийн Биеннальд Монгол Улсын павильон албан ёсоор нээлтээ хийлээ.
Биеннальд Монгол Улсыг төлөөлөн уран барималч, УГЗ А.Очирболд сонгогдож, комиссараар Соёлын сайд Ч.Номин, куратороор ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч CTA О.Оюунтуяа томилогдон, ко-куратороор ХБНГУ-ын Күнстхалле Дюссельдорф музейн захирал Др. Грегор Янзэн хамтран ажиллаж байна. Монголын павильоны үзэсгэлэн нь “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдэвтэй бөгөөд нээлтийн арга хэмжээ 4 дүгээр сарын 18-ны өдөр ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Манай улсын павильоны нээлтийг олон улсын 50 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжлав.
Хэвлэлийн бага хурлыг залгуулан Монголын павильоны албан ёсны нээлтийг Монгол Улсыг нэгдсэн өнгө төрхтэйгөөр олон улсад сурталчлах “Go Mongolia” брендийн хүрээнд зохион байгуулж, энэ үеэр арга хэмжээнд уригдсан улс төр, соёл урлаг, бизнесийн салбарын нөлөө бүхий олон улсын 200 орчим зочид, төлөөлөгчдөд монгол урлаг, соёлын өвийг сонирхуулан сурталчиллаа.