Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд ногоон байгууламж, 20 хувьд тухлах талбай байгуулна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-04-19 08:21:37

Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж байна. Одоогийн байдлаар хатуу дэд бүтцийн ажил дуусах шатандаа орж, цэцэрлэгжүүлэлт, тохижилт үргэлжилж байгаа бөгөөд зургаадугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар бүтээн байгуулалтын явцтай танилцаж, “Рио Тинто Монгол” ХХК-ийн удирдлагуудтай уулзлаа.

НЗДТГ, “Рио Тинто Монгол” ХХК, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2022 онд гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны хүрээнд “Паркаа хамтдаа бүтээе” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Санамж бичгийн хүрээнд “Рио Тинто Монгол” ХХК зүгээс төслийг бүрэн санхүүжүүлэн, хэрэгжүүлж байгаа бөгөөд уг бүтээн байгуулалтад 100 хувь үндэсний компаниуд олон улсын мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр оролцож байгаа гэдгээрээ онцлогтой.


“Паркаа хамтдаа бүтээе” төсөл дөрвөн жилийн хугацаанд үргэлжилнэ. Зөөлөн дэд бүтэц болох цэцэрлэгжилт, тохижилтын хүрээнд нийт 40 мянга гаруй мод бутыг үе шаттайгаар тарьж, 8 га газрыг зүлэгжүүлэх юм. Мөн иргэдийн тухлах сандал, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай зэрэг бусад тохижилтыг хийнэ. Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэнг тогтвортой, урт хугацаанд өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай болгохын тулд “Рио Тинто Монгол” ХХК-иас 2026 он хүртэл ногоон байгууламж, тохижилтыг арчилж, тордох юм. Мөн олон нийтийг мэдлэг, мэдээллээр хангаж, цаашид ногоон паркийн соёлыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг төслийн хамт олон хэлж байв.



Холбоотой мэдээ