УДБЭТ-ын тайзнаа Г. ДОНИЦЕТТИ "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурь тоглогдож байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-04-26 05:42:53

Г. Доницетти “Дурлалын ундаа” дуурийн анхны тоглолт нь 1832 оны 5-р сарын 12-нд Миланы Театр делла Каноббиани театрт болжээ.   Тус  дуурийг олон нийт сайшаан хүлээж авсан нь маш их  гайхалтай  үйл явдал болж, хөгжмийн зохиолч өөрөө хүртэл гайхсан аж. Доницеттийн  гол өрсөлдөгч В.Беллини түүний уран бүтээлд маш өндөр үнэлгээ өгч, хөгжмийг нь төгөлдөр, сайхан, гайхамшигтай гэж магтаж байжээ. Г. Доницетти “Дурлалын ундаа ” дуурийн  зохиол нь инээдтэй,  энгийн , үнд драм, эмгэнэл байхгүй, зөвхөн гялалзсан хошигнол бүхий хайрын түүхээр амталсан хөнгөн инээдмийн  дуурь юм  Либреттог Фелис Романи бичсэн бөгөөд  тэрээр  “Дурлалын ундаа” дуурийнхаа цомнолыг Е.Скрибегийн цомнол (Д.Оберийн “Хайрын эм” дуурь (Le Philtre))-оос сэдэвлэн бичжээ.

       УДБЭТеатр урын сангийн бодлогынхоо хүрээнд дэлхий дахины шилдэг хошин дуурийн нэг Г.Доницетти “Дурлалын ундаа” дуурийг өөрийн тайзнаа  тоглохоор шийдэж, ингэхдээ өнөө цагийн үзэгчдийн сэтгэхүй, таашаалд нийцүүлсэн өвөрмөц, шинэлэг тавилтаар  тоглох гэж байна.

    Тус  дуурийг театрын  залуу найруулагч Б.Мэндбаяр  найруулсан  бөгөөд  түүний зүгээс дуурийн үйл явдлыг наашлуулж, дэлхийн эдийн засаг, соёл, хөгжлийн үсрэлтийн зуун болох 21-р зуунд болгон хөрвүүлэн тавьсан нь театрын  ирээдүйн  үзэгчид,  хүүхэд залуусын сэтгэлд ихээхэн нийцэх  байх хэмээн найдаж байна.

  “Дурлалын ундаа”  дуурийн  удирдаачаар залуу удирдаач Т.Юндэн ажиллаж удирдаачийн их  гараагаа эхлүүлж байгаа нь онцлог юм.

Тайзны ерөнхий зураачаар МУУГЗ Г.Ганбаатар, хувцасны  дизайнераар СТА Г.Оюун Ерөнхий хормейстерээр  СТА Н.Дашбямба, концертмейстерээр  Б.Оюунгэрэл, Г.Анужин,  хөтлөх  найруулагчаар МУСТА Б.Цэрэндаваа, итали хэлний дасгалжуулагч багшаар МУГЖ Б.Эрдэнэтуяа, дуурийн либреттогийн орчуулагчаар Ц.Болд  нар  тус тус ажилласан.

  Дэлхийн сонгодог цоо шинэ Г. Доницетти “Дурлалын ундаа” дуурийн гол дүрүүд болох авхаалжтай, ихэмсэг  хадагтай  Адинагийн дүрд-  гоцлол дуучин МУГЖ Ө. Уянга, гоцлол дуучин МУСТА Б. Одонзаяа,   Гэнэн цайлган  хөгжилтэй залуу Немориногийн дүрд- гоцлол дуучин МУГЖ Б.Гомбо-очир, гоцлол дуучин МУСТА Ө. Цэрэнчунт,  Цэргийн түрүүч Белькорегийн дүрд- гоцлол дуучин МУСТА Л. Бүүвэйбаатар, гоцлол дуучин МУСТА Л. Болдцэрэн, Хэрмэл оточ Дулькамарагийн дүрд-  гоцлол дуучин МУСТА Б. Монголхүү, гоцлол дуучин Ж. Бямбажав, Адинагийн найз бүсгүйн дүрд-  МУГЖ Б. Эрдэнэтуяа, МУСТА Г. Энхнаран нар тоглох гэж  байна.

Сонгодог урлагийн үнэнч үзэгчид та бүхэн Дэлхийн шилдэг хошин дуурийг  үзэхийг хүсвэл, 2024 оны 04-р сарын 27, 28-ны өдрүүдэд УДБЭТеатрт морилон ирж, Тус дуурийн шинэ шийдэл, өвөрмөц тайз, гоёмсог хувцас, залуу уран бүтээлчдийн  содон тоглолт, тайзнаа өрнөх хөгжилтэй, сонирхолтой үйл явдлыг үзэж, нэгэн үдшээ гайхалтай мэдрэмжээр чимээрэй.  

Холбоотой мэдээ